Монгол Улсад биеийн тамирын спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан Бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний бөхийн холбоо, “Мөнгөн цагариг” клуб хамтран бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Спортын төв ордны А зааланд дөрөвдүгээр сарын 1-нээс 4-нд зохион байгуулав.

Тус тэмцээнд Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний баг тамирчид амжилттай оролцож, Өндөр цолтнуудын төрөлд алтан медаль, бага цолтнуудын төрөлд мөнгөн медаль хүртэж багаараа тэргүүллээ.

Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлснээр, энэхүү тэмцээний А хэсэгт улсын цолтой болон аймаг, цэргийн арслан цолтой 12 баг, Б хэсэгт аймаг, цэргийн заан, харцага, начин цолтой 11 баг өрсөлджээ.

А хэсгээс улсын гарьд Д.Рагчаа дасгалжуулагчтай Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний баг түрүүлж, Ховд, Завхан аймгийн баг удаалсан байна. Тэргүүн байр эзэлсэн Архангай аймгийн баг анхдугаар тэмцээн (2003 он)-д түрүүлж байсан ба ийнхүү өнөөдөр хоёр дахь цомоо гардан авлаа.

Б хэсгээс М.Батбаатар дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд алтан медаль хүртэж, Архангай, Баянхонгор аймгийн баг мөнгө, хүрэл медаль хүртэв. Энэ хэсэгт түрүүлсэн Өвөрхангай аймгийн баг тус тэмцээнээс 2018 онд алт, 2019 онд мөнгөн медаль хүртэж байжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу