Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс нь тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг.

Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудал”, “Хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн хүрээн дэх жендэр ба хүний эрхийн асуудал”, “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” гэсэн үндсэн 7 бүлгийн хүрээнд боловсруулсан байна.

Бид энэ удаад илтгэлээс агаарын бохирдлын эдийн засгийн өртөг болон Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаарх мэдээллийг онцоллоо.

2010-2017 оны хугацааны төсөв, зардлыг тооцоолсноор, агаарын бохирдолтой холбоотой эдийн засгийн зардал 645,1 сая ам.доллар, агаарын бохирдолтой холбоотой халамжийн зардал 485,9 сая ам.доллар зарцуулсан байна.

Агаарын бохирдлын эсрэг арга хэмжээнд 2008-2018 онд улсын төсвөөс 147,3 тэрбум төгрөг, 60.7 сая ам.доллартой тэнцэх хэмжээний гадаадын зээл тусламжийн хөрөнгийг зарцуулжээ. Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 оны хугацаанд нийт 456,1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол

Улаанбаатар хотын хүн амын механик өсөлт, орон сууцны хүртээмж, эрчим хүчний эх үүсвэр, түүхий нүүрсний хэрэглээний улмаас хүрээлэн байгаа орчны бохирдол, ялангуяа өвлийн улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ (нийт ажиглалтын 50 гаруй хувьд Монгол Улсын Агаарын чанарын стандартаас давж) хэт ихсэж, хүн амын эрүүл мэнд, амьдралын чанар, эдийн засаг, нийгмийн сөрөг нөлөө үзүүлсээр байгаа ажээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга гаруй авто тээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байгааг илтгэлд дурджээ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тандалтын мэдээллээр, 2017-2023 оны байдлаар 103 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн байна.

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн өнөөг хүртэл 2.2 сая тонн түлш үйлдвэрлэн, нийслэлийн гэр хорооллын 200,000 айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангажээ.

Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарт хаягдах тоос, тоосонцрын агууламжийг бууруулах тал дээр тодорхой хэмжээгээр ахиц гарсан хэдий ч түлшинд агуулагдах хүхрийн агууламж Багануурын уурхайн нүүрстэй харьцуулахад 2-3 дахин өндөр, агаарын чанарын суурин харуулын мэдээгээр агаар дахь бохирдуулагч бодисын агууламж стандарт хэмжээнээс 1.4-3 дахин их байгаа нь түлшний түүхий эдийн чанарыг сайжруулах шаардлагатайг харуулжээ.

“…2022 онд Сонгинохайрхан дүүргийн 22, 33 дугаар хорооны иргэдийн төлөөллөөс “Тавантолгой түлш” ХХК-ийн Улаанбаатар хотын баруун бүсийн үйлдвэр байгуулснаар тоосжилт, тортог үүсгэж, иргэдийн эрүүл мэнд, орчны аюулгүй байдалд нөлөөлж байна гэх гомдол ирүүлжээ.

Энэ мэдээллийн дагуу ХЭҮК-оос хяналт шалгалт зохион байгуулж, тус агаар, орчны бохирдолтой холбоотой үйлдвэрийн дотор, гадна тоног төхөөрөмжийн техник, технологийг сайжруулах, тоос, тоосонцрын хэмжээг бууруулах, нүүлгэхтэй холбоотой ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа тухай мэдээлж байв.

(ХЭҮК-ын хяналт шалгалтын илтгэх хуудаснаас)

“Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө”-г Үндэсний аудитын газраас 2021 оны тайланд тухайн хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналт сул, салбар дундын оролцоог хангаж ажиллаагүйгээс төлөвлөсөн арга хэмжээний 67.8 хувь нь хэрэгжээгүй гэж дүгнэжээ.

Аудитын дүгнэлтийн мөрөөр хэрэгжүүлэх 14 зөвлөмжийг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлсэн боловч түүний хэрэгжилт, үр дүнгийн талаар нэгдсэн мэдээлэл тодорхойгүй байгаа аж

Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа үр дүнд хүрэхгүй байгаа нь олон шалтгаан, хүчин зүйлийн нөхцөлтэй уялдаатай. Юуны түрүүнд энэ чиглэлийн бодлогыг боловсруулахдаа тусгайлсан хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн нь сайшаалтай хэдий ч хэт өргөн хүрээнд асуудлыг хамааруулж тусгасан бөгөөд зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлтийг тодорхой, хэмжигдэхүйц, биелэгдэхүйц, ач холбогдолтой, цаг хугацааны мөчлөгтэй байх нөхцөлийг хангасан байдлаар тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй гэж комисс үзжээ.

Хариуцсан байгууллага, институт, салбар хоорондын уялдаа холбоогүй байдал нь мөн нэг нөлөөлөх хүчин зүйл бөгөөд өнөөдөр ч чиг үүргийн харилцан уялдаа холбоогүй байдал хэвээр байгаа аж.

Тухайлбал, агаарын чанарыг сайжруулахаар 2011 оноос хойш Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд хоёр удаа (2011, 2012), Ерөнхий сайдын дэргэд (2013, 2015, 2017), БОНХАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд (2014), хөтөлбөрийг дагаж Ерөнхий сайдын дэргэд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог 2017 онд байгуулж ажиллаж байсан.

Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 396 дугаар тогтоолоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны чиг үүрэг, үйл ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг даргад шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Дараагийн чухал хүчин зүйл нь санхүүгийн нөөц, төсвийн эх үүсвэрийн асуудал юм. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг 9.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг НҮБХХ-өөс хийсэн байх бөгөөд үүний 80 хувийн эх үүсвэр баталгаажаагүй гэж дурджээ.

Мөн түүнчлэн хөтөлбөр, арга хэмжээний явцад хяналтыг хэрэгжүүлж, түүний мөрөөр хариу арга хэмжээ тухай бүр авч чадахгүй байгаа болохыг хөндлөнгийн, дотоодын үнэлгээ, дүгнэлтэд дурдсан байх боловч энэ талаар тодорхой ахиц дэвшил гарсангүй.

НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Дэвид Бойдын хэлсэнчлэн “Цэвэр агаараар амьсгалах эрхийг хүндэтгэж, хамгаалж, хэрэгжүүлж чадахгүй байгаа нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст аймшигтай хохирол учруулж байна. Бүх үхэл, өвчин мөн хөгжлийн бэрхшээлтэй байдал нь хувь хүний итгэл найдвар, хүсэл мөрөөдөл мөн хайртай хүмүүст нөлөөлдөг.

Агаарын бохирдол бол урьдчилан сэргийлэх боломжтой асуудал юм. Шийдлийг хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй ч цэвэр агаараар амьсгалах эрхийг хангахын ашиг тусыг тооцохын аргагүй юм” гэжээ.

Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх ноцтой суурь хүчин зүйл юм. Агаарын бохирдол нь хүний амь нас, эрүүл мэнд болон эдийн засаг, хүрээлэн буй орчин, нийгмийн сөрөг үр нөлөө, хохирол учруулж байна.

Агаарын чанар нь хүний амьд явах суурь эрх, улс орны аюулгүй байдлын үүднээс тэргүүнд эрэмбэлж шийдвэрлэх, салбар дундын зангилаа асуудал тул цогцоор авч үзэж, шинжлэх ухаанч тооцоо судалгаа, туршлага, сургамжид тулгуурлан цаашид шийдвэрлэх замын зураг гаргаж, урт, дунд, богино хугацаанд бодлогыг тодорхойлох нь тулгамдсан, хойшлуулшгүй асуудал болжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу