ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах төвөөс “Аюулгүй байдлын албаныхан “Крокус Сити Холл”-д болсон террорист халдлагад оролцсон байж болзошгүй хэмээн үзэж, Москва, Екатеринбург, Омск хотуудаас дахин Төв Азийн гурван иргэнийг баривчилсан” гэж мэдээлжээ.

Тус албаны мэдээлэлд “ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Москва, Екатеринбург, Омск хотуудад 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр “Крокус”-т үйлдэгдсэн террорист халдлагад оролцсон байж болзошгүй ОХУ-ын нэг иргэн, гадаадын хоёр иргэнийг баривчлав” гэж дурджээ.

Оросын Холбооны аюулгүй байдлын албанаас саатуулагдсан хүмүүсийн хоёр нь халдлагад ашигласан галт зэвсэг, машин худалдаж авахын тулд мөнгө хүлээн авсан болохыг олж тогтоожээ. Гурав дахь нь террорист халдлагын хамсаатнуудыг элсүүлж, гэмт этгээдүүдийг санхүүжүүлсэн гэж сэжиглэгдэж байгаа аж.

Аюулгүй байдлын албаныхан хоёр сэжигтнээс ямар учраас саатуулагдсан гэж бодож байгаа талаар асуухад “Крокус дахь террорист халдлагатай холбоотойгоор” гэж хариулсан байна.

“Крокус Сити Холл”-д болсон террорист халдлага

Гуравдугаар сарын 22-ны орой Красногорскийн “Крокус Сити Холл” концертын танхимд буун дуу гарч, гал гарсан. Хэд хэдэн хүн барилга руу дайран орж, хүмүүсийг буудаж, шатдаг бөмбөг шидсэн. Онцгой байдлын яамны хамгийн сүүлийн мэдээллээр халдлагад 144 хүн амиа алдсан ажээ.

Уг хэрэгт холбогдуулан арван этгээдийг баривчилсан бөгөөд тэдний дотор Тажикистаны дөрвөн иргэн буй юм. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар, тэд террорист халдлагыг шууд гардан гүйцэтгэгчид аж.

Нэмж дурдахад, дөрөвдүгээр сарын 1-нд Дагестанд дөрвөн гадаадын иргэнийг саатуулжээ. Холбооны аюулгүй байдлын албанаас мэдээлснээр, тэд “Крокус Сити Холл” руу халдсан гэмт хэрэгтнүүдийг санхүүжүүлж, зэвсэг нийлүүлэхэд оролцсон байна.

Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников “өнгөрсөн долоо хоногт баривчлагдсан хүмүүсийн анхны мэдүүлэг Украины үйлдлийг баталж байна” гэж мэдэгджээ.

Мөрдөн байцаах хорооноос мэдээлснээр, халдлагын дараа террористууд шагналаа авахаар Киевийг зорьсон байна. Энэхүү халдлагын ард АНУ, Их Британи байгаа гэж Оросын тагнуулын байгууллагууд үзэж байгаа аж.

Эх сурвалж: RIA NOVOSITI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу