Засгийн газраас оруулж ирсэн гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Улмаар тус хуулийн төслийг анхан шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлээд буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий. Гурилын импортын татварыг хугацаагүйгээр, хэмжээ харгалзахгүй тэглэх нь нөгөө талд газар тариалангийн салбарыг доош нь татна.

Олон тариаланч улаанбуудай тариалаад Монголдоо л зардаг. Гадагш гаргаж байгаагүй учраас гурилын үйлдвэрт л борлуулж мөнгө олдог байсан. Гэтэл гаднын үйлдвэрийн гурил ороод ирэхээр худалдан авалт нь буурна.

Яагаад Монгол Улсын Хүнсний тухай хуульд улаанбуудай, гурилыг стратегийн бүтээгдэхүүнд оруулдаг вэ гэхээр улс төрийн ямар нэгэн байдлаар хилээ хаахад хүрвэл дотоодоосоо хангадаг байх хэрэгтэй учраас дэмждэг юм.

Импортын гурилыг зуун хувь дэмжсэнээр энэ хүнсний аюулгүй байдал, цаашлаад инфляцыг маш ноцтойгоор хөндөх эрсдэл үүсэж байна. Салбарын мэргэжилтнүүд, яамд, тамгын газар, тариаланчид тойрч суугаад, одоо асуудлаа хэлэлцэх хэрэгтэй” гэлээ.

Дашрамд дурдахад, энэхүү асуудлаар УИХ дахь намын бүлгүүдийн хамтарсан Ажлыг хэсэг байгуулсан билээ. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу