УИХ-ын чуулганы Баасан гараг (2024.04.05)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм. Тус хуралдаан дээр Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион явуулдаг суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүнгийн талаар хэлэлцэх бөгөөд бодлогын зөвлөмжийн талаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Монгол Улс 2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийна мьдрах чадвараараа Азид тэргүүлэгч орнуудын нэг болох зорилго бүхий “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг баталж, тус бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

Монгол Улсын боловсролын чанарын үзүүлэлтээр олон улстай харьцуулсан судалгаа мэдээлэл хязгаарлагдмал байсаар ирсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.3-д Ерөнхий болоьвсроын сургуулийн чанарыг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор олон улсын PISA үнэлгээнд хамруулж, үндэсний чанарын үнэлгээний тогтолцоог бэхжүүлсэн зорилтыг тусгасан.

Монгол Улс боловсролын чанараа олон улстай харьцуулахад түүнд нөлөөлж буй хүчин зүйлээ бодитой тодорхойлох, үр дүн баримт нотолгоонд тулгуурлан бодлогын арга хэмжээ аьах зорилгоор олон улсын суралцагчийн суралганы амжилтын үнэлгээ PISA-2022-д анх удаа оролцлоо.

PISA үнэлгээг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 2020 оноос эхлэн гурван жил тутам зохион байгуулж ирсэн. Суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагч танхимаар олж авсан математик, унших болон байгалийн ухааны мэдлэг чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд хэрхэн олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.

PISA-2022 үнэлгээнд 81 улс оролцсон бөгөөд 2022 оны дөрвөн сарын 5-наас тавдугаар сарын 15-ны хугацаанд 7-12 дугаар ангийн сурагчдаас унших, математик, байгалийн ухаан, бүтээлч сэтгэлгээний компьютерт суурилсан шалгалтыг хоёр цагийн хугацаатай зохион байгуулж авсан.

Монгол Улсын хэмжээнд түүврийн аргаар сонгож авсан, 196 сургуулийн 7276 суралцагч уг шалгалтад хамрагдаж, математик, унших, байгалийн ухаан, бүтээлч сэтгэлгээний дадлага чадвар, сургалтын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох асуулгыг хийж гүйцэтгэсэн.

Үнэлгээнд хамрагдсан суралцагчид нь Монгол Улсын өөр өөр бүс нутагт байршдаг хот, сум, сургуулийн хэв шинж буюу төрийн, хувийн ерөнхий мэргэжлийн боловсролын сургуулиудыг төлөөлөн оролцсон. Монгол Улсын PISA-д оролцох ажиллагааг Дэлхийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.

Монгол Улсын гүйцэтгэлээс дараахь дүгнэлтүүд гарч байна. Үүнд нэгд, Математик. Оролцогч 81 орноос Монгол Улс 425 оноогоор 47-д жагсаж байна. Монголын суралцагчид Гүрж, Тайланд, Узбекстан, Камбож зэрэг харьцуулагч улсаас хамаагүй өндөр оноо авсан бол жишиг улстай харьцуулахад гүйцэтгэл өндөр байна.

Гэвч Монголын 15-тай суралцагч PISA-д оролцож буй Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагуудын орнууд болон Азийн орнуудын үе тэнгийнхнийхээ дунджаас нэлээн хоцорч байгаа тул сурлагын амжилтаа ахиулах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монгол суралцагчдын 50 орчим хувь буюу математикийн түвшин левел хоёрт хүрэхгүй байна. Энэ нь Монголын 15-тай хоёр суралцагчийн нэг нь математикийн суурь түвшинд хүрээгүй байна гэсэн үг юм” гэв.  

“АРДЧИЛСАН НАМЫН ЭХЛҮҮЛСЭН ЦӨМ ХӨТӨЛБӨРТ ДҮН ТАВЬЖ БАЙНА”

Салбарын сайд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуусан асуултад хариулав. Тэрбээр “Боловсролыг улс төржүүлсэн орон хөгждөггүй юм байна. “PISA 2022”-ын дүн өнгөрсөн найман жилийн боловсролын тогтолцооны дүн биш, 2012 оноос эхэлсэн цөм хөтөлбөрийн үр дүн.

Өнгөрсөн оны 15 настай хүүхдүүд гэдэг бол 2012 онд 1, 2 дугаар ангид суурь унших, бичих, математикийн чадварыг цөм хөтөлбөрөөр эхлүүлснээ шалгуулж байна. Ардчилсан намын эхэлсэн цөм хөтөлбөрт дүн тавьж байна гэсэн үг. Сүүлийн 30 жилд 10 удаа хөтөлбөрийн шинэчлэл хийсэн байна. Ингэхдээ сургалтын орчин, багш, санхүүг шийдээгүй учраас ийм нөхцөл байдал гарсан. Хэн нь ярьдаг, хийдэг вэ гэдгийг ард түмэн харж байгаа байх. Манай яаманд ямар ч тендер зарлагдахгүй байна.

Баян-Өлгий аймагт БШУ-ы сайд гурван удаа очсон тохиолдол байхгүй болов уу. Өмнө нь хос хэлний боловсрол лоозон төдий байсан бол анх удаа сурах бичигтэй болсон. Энэ аймагт байгаа хамгийн том дутагдал бол тендертэй холбоотой асуудал. Үүнийг нэг аймгийн соёл гээд хэлчихвэл арай хатуу үг болох байх.

Бид техник тоног төхөөрөмжийг шийдээд өгдөг. Гэтэл баталсан мөнгөний зарцуулах эрхийг аймаг руу шилжүүлчихээр ИТХ-ын төлөөлөгч нар нь хувааж аваад, буруу замаар будаа тэжээчихдэг асуудал байна.

Тендерийн хонгил гэх зүйл Баян-Өлгий аймагт жинхэнэ утгаараа үүсчихсэн нөхцөл байдалтай байна. Зарим компанийг хар жагсаалтад оруулах саналыг Сангийн яаманд хүргүүлсэн” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу