УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо чуулганы хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа уншиж танилцуулж, дэмжиж өгөхийг хүслээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны төслийн талаарх санал, дүгнэлтийг Ц.Сандагдорж уншиж танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Монгол Улсын Их Хурлаас 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийг батлан, хэрэгжүүлж эхэлснээс хойш 24 жил болж буй юм.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийг хэрэгжүүлж ажиллах явцад холбогдох байгууллага, иргэдээс гаргасан санал, хүсэлтэд үндэслэн уг хуульд 4 удаа өөрчлөлт оруулсан бөгөөд одоо ч өөрчлөлт оруулах хууль зүйн болон нийгмийн шаардлага үүсчээ.

Цагаатгуулах тухай өргөдөл гомдол хүлээн авах хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хурлын чуулганаар батлагдсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон.

Өргөдөл гаргах хугацаа дууссан боловч Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Өргөдлийн байнгын хороо, Засгийн газар болон Засгийн газрын холбогдох байгууллага, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн салбар комисст хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд, холбогдох төрийн бус байгууллагуудаас “хуулийн хугацаанаас хоцорсон, хэрэг материал олдоогүй,

Ковид-19 цар тахалтай холбоотой хэрэгжиж эхэлсэн хууль, дүрэм журмууд нөлөөлсөн” зэрэг нөхцөл байдал, шалтгааны улмаас өөрийн гэр бүлийн төрөл төрөгсдийг цагаатгуулж, нэр төрийг сэргээлгэж чадаагүй гэх олон тооны өргөдөл, гомдол, хүсэлтийг ирүүлсэн байх нь хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага бий болгож байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Өнөөдрийн байдлаар 200 орчим иргэн цагаатгуулах тухай өргөдөл гомдол гаргаад байгаа аж.

Цагаатгуулах тухай гомдол гаргах хуулийн хугацаа дуусгавар болсон тул иргэдээс ирсэн цагаатгуулах тухай өргөдлийг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий Прокурор, анхан шатны шүүхүүд хүлээж авахгүй байгаа боловч архивт хадгалагдаж байгаа улс төрийн хилс хэрэгт хамааралтай хэргүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсаар байгаа юм байна.

1922-1990 оныг хүртэл нийтдээ 36.000 орчим хүн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн тухай баримжаа тоо баримт байдаг бөгөөд одоогийн байдлаар 31.460 иргэнийг хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр цагаатгажээ.

Нийт хэлмэгдсэн иргэдийн ихэнхийг цагаатгаад байгаа боловч тодорхой нөхцөл байдал, учир шалтгааны улмаас цагаатгуулж амжаагүй иргэдийн эрхийг хуулийн хугацаагаар хязгаарлах нь зохимжгүй бөгөөд эдгээр иргэдэд боломж, бололцоо олгож өгөхийг хүссэн гомдлууд ирсээр байгаа аж.

Иймд Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрх тэгш байдлыг хангах үүднээс улс төрийн хэлмэгдэгчдийг цагаатгуулах өргөдөл, гомдол хүлээж авах хуулийн хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалын 3.7-д “Хууль батлагдсанаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн боловч хэрэг материал нь бүрэн шалгагдаагүй 451 хэрэг, өмнө шинэ нөхцөл байдлаар шалгаад улс төрийн хэрэгт холбогдсон болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр мөрдөн байцаалтыг зогсоосон 166 хэрэг, орон нутгийн архиваас татан төвлөрүүлсэн 20 хэрэг, нийт 637 хэргийг бүрэн шалгаж цагаатгагдах, улс төрийн шалтгаанаар баривчлагдаж ЗХУ-д шийтгүүлсэн иргэдийн хэргийн материалыг судалж, тэднийг цагаатгах, цагаадсан иргэдийн материалыг татаж авах асуудлыг шийдвэрлэх боломжтой болно” гэжээ.

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу