Dobu.mn сайт энэ долоо хоногт (2024.04.01-05) нийтлэгдсэн онцлох ярилцлагуудаас тоймлон хүргэж байна.

Ж.Хунан: Олон нийтийн сүлжээнд бие биенээ доромжлох, гутаах асуудлыг боловсролоор дамжуулж өөрчилмөөр байна

-Монгол Улс хүүхэд хамгааллын чиглэлээр маш олон хууль, тогтоомж баталж гаргасан. Тэдгээрийн хэрэгжилт хэр хангалттай байна гэж та боддог вэ? Эндээс хоёулаа ярилцаж эхэлье…

-Аливаа төрийн бодлого, шийдвэр хэрэгжих үндсэн нөхцөл бол хууль тогтоож, эрх зүйн орчин. Монгол Улсын хувьд энэ эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр нэлээд амжилт гаргасан гэж бодож байна. Саяхан Хүүхэд хамгааллын тухай хуулиа шинэчлэн найрууллаа. 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталлаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиа баталлаа. Мэдээж хэрэг энэ мэт тодорхой ажлууд хийж байна. Гэхдээ яг бодит амьдрал дээр, анхан шатны нэгж дээр эдгээр хууль, тогтоомжууд хэрэгжиж байна уу гэдэг асуудалтай байна. Энэ нь нэг талаас хөрөнгө мөнгө, санхүүжилт хангалттай биш байгаа учраас бүрэн дүүрэн хэрэгжихгүй, үр дүн нь гарахгүй байна.

-Хүүхэд андуураад, машиндаа суулгаад аваад явчихаж байна. Хойд болон төрсөн эцэг нь охиноо хүчирхийлдэг бусармаг хэргүүдийн талаар сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл олон гарч байна. Энэ нийгэмд хүүхэд гэмт хэрэг, хүчирхийллийн золиос болох явдал буурахгүй байгаагийн цаад шалтгаан юутай холбоотой гэж та боддог вэ?

-Хүний эрхийн үндэсний комиссоос өнгөрсөн хугацаанд нэлээд асуудлыг хөндөж гаргалаа. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дотуур байрны асуудал, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хүчирхийллээс ангид байх эрхийн хүрээнд хамтарсан баг гарч, нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байр бий болсон. Энэ жил бүтэн өнчин, хагас өнчин хүүхдүүд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг хөндлөө. Бид хүүхдийг нэгдүгээрт гэдэг зарчмаа мартаад байгаа юм шиг санагдаж байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Ц.Жавхланбаатар: Өлөн явахад өглөө боссон хий тэр өдөржингөө биеийг хямраадаг

-“Хавар даарвал өвчин ирнэ. Хаврын салхи хавирга нэвт” гэдэг. Хий хөдлөх энэ үед даарах нь ямар уршигтай вэ?

-Өвчнийг халуун, хүйтэн хоёр бүлэгт хуваахаар хийний өвчин хүйтэн талдаа ордог. Хавар гуравдугаар сарын 22-ноос зургаадугаар сарын 22 хүртэл нар халах үед цас, мөс хайлдаг. Дээрээс халж, доороос хөрдөг. Тэгэхээр даарвал л хүйтэн өвчин, халууцвал халуун өвчин үүснэ. Тэгэхээр хүний биед аль нь илүү байгаа вэ гэхээр өвөл царцсан байгаа хүйтэн нь давамгай байдаг.

“Хаврын салхи хавирга нэвт” гэдэг хэлц үг нь хавар уушгинд өвчин үүсэх эрсдэлтэй шүү гэдгийг анхааруулж буй хэлбэр юм. Таван цул эрхтнээс бөөр нь хий давамгай, уушги бадган махбод давамгай байдаг. Хавар уушгинд бадган хайлж байхад бадганы гэм ихэсдэг. Манай уламжлалтын хурах гэдгээр авч үзвэл хураад, босож байгаа хэлбэр буюу өвчин уушгинд үүсэхэд бэлэн болсон байгаа үед даарчихаар л тэнд өвчин үүснэ гэсэн үг. Тэгэхээр хавар огт даарч болохгүй, салхи авч болохгүй. Тиймээс хавар, намрын цув нимгэн хэр нь, салхи нэвтэрдэггүй байх нь зүйтэй.

-“Би ч орон гаран, барьсан тавьснаа мэдэхгүй болсон шүү дээ” гэдэг. Энэ нь хийн эмгэг мөн үү?

-Бидний сэтгэл хөдлөлийг үндсэн гурван төлөвт хуваадаг. Юмыг авахыг хүсэх байдал, уур уцаарын байдал, сайн муугаа ялгахгүй байгаа тэнцвэрийн гурван байдалд хуваахад хөдөлгөөнтэй тал нь хий байдаг. Хий хямраад ирэхээр сэтгэл зүйн тогтворгүй байдал нэмэгддэг. Юмыг мартаж, санахыг уламжлалт анагаах ухаанд дурдал доройтох гэж үзэн шар тос, махны шөлөнд нь эм хийдэг. Хий хямраад ирэхээр сэтгэл зүйн байдал тогтворгүй болж, мартаж санах, уймрах, хааяа уйлмаар, дуулмаар болдог. Н.Жанцанноров гуай “Сэтгэл нь хөглөгдөж байгаа биш, хөг нь алдарч байгаа байхгүй юу” гэж хэлсэн байдаг. Хүн гоё дуу сонсоод уйлмаар, дуулмаар болдог нь хийний тогтворгүй байдалтай холбоотой. Хий хямрахаар сэтгэл зүй тогтворгүй болдог. Сэтгэл зүй тогтворгүй байгаа тохиолдолд дагаад хий хямарч байдаг. Хоорондоо уялдаа холбоотой.

Төрсний дараа гам бариагүй эмэгтэйчүүдийн хүйсээс доош оронд байгаа  хий дээш хөөрөх байдлаар сэтгэл санаанд өөрчлөлт ордог. Тэрийг хүмүүс савны хий хөөрч, галзуурах гэдэг. Савны хий эмэгтэйчүүдийн өндгөвч, умайд байгаа юу гэвэл байгаа. Тэр хийн гүйдэл нь алдагдаж, хямрахад сэтгэл зүйд хамааралтай өвчин үүсдэг. Тэрийг бариад, шууд эдгээнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт. “Савны хий гаргана, бариа засал хийнэ” гэж мэргэжлийн бус хүмүүс бусдын сэтгэхүй дээр тоглож, хохироож байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

А.Цогцэцэг: Эрүүл мэндийн салбарын чадамж, хүртээмж, аюулгүй ажиллагаа олон улсын жишигт хүрэх ёстой

-Манайхан бүр тартагтаа тулахаараа л сая нэг эмнэлгийн хаяа барааддаг шиг байгаа юм. Жаахан өвдчихвөл гүрийгээд л, тэр чигээрээ явсаар, бүр даамжруулаад байгаа юм. Уг нь эрт илрүүлэг сайхан ажил л даа. Манай иргэдийн оролцоо хэр байдаг юм бол?

-Саяхан би эрт илрүүлгээр судалгаа хийж үзлээ. Нийт эрт илрүүлгийн явц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны байдлаар 38,5 хувьтай байна. Бага гэсэн үг. Үүнээс хөдөө орон нутагт бага хувьтай байна. Ер нь 17, 18, 23 хувьтай, мөн 27 хувьтай явж байна. Улаанбаатарт арай өндөр 50 хувьтай.

Энэ юу хэлж байна вэ гэхээр, хөдөө орон нутагт байх эмнэлгийн тоног төхөөрөмж, дэд бүтэцтэй холбоотойгоор ийм бага хувьтай явж байна гэж харж байгаа юм. Өнөөдрийнхөө нөхцөл байдалд үндэслээдцаашдаа яаж эрт илрүүлэгт хүмүүсийн хамрагдалтыг нэмэгдүүлэх вэ гэдэгтодорхой стратегийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй.

-Хотын бид ч яах вэ, эмнэлэг зөндөө байна. Хөдөөгийнхөн ч тэгээд хэцүү л байлгүй дээ. Шээсний шинжилгээ, цусны шинжилгээгээ хийж л таарах байх. Цаашид хийх боломж бололцоо нь байдаг юм болов уу. Аймгуудынх ч гайгүй байх.

-Аймгууд дээр ч хэцүү. Нэг дурантай, нэг рентгентэй байна шүү дээ. Намайг ажилд авахад 21 аймгийн ихэнх аймаг нь рентген байхгүй. Тэгээд би “Глобал сан”, Азийн хөгжлийн банк олон донор байгууллагуудаасаа үйл ажиллагаанд нь мониторинг хийгээд, энэ рентген аппаратуудыг захиалсан. Сая ковидын үед бол энэ рентген аппарат маань аймгийн эмнэлгүүд хангагдсан нэлээн л тус болсон байх гэж ингэж боддог.

-Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон. Би буруу санаагүй бол Нийгмийн даатгалаас ЭМД-ыг салгасан асуудал танай Засгийн газрын үед гарч байсан санагдах юм. Би буруу санаад байна уу?

-Энэ сангийн өөрийнх нь бүтцийг яривал нэлээн урт цаг хугацаа орно. Түүнийг би орхиё. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн сан хоёр нэг дор байж зохицолдохгүй юм аа. Нэг нь нэгийгээ нөхөөд, нөгөө эмнэлгийн тусламж үйлчилгээ маань санхүүжилт аманд ч үгүй, хамар ч үгүй байгаад байх юм аа.

Тэгэхээр ЭМД-ын хуульд өөрчлөлт оруулж, ЭМД-ыг бие даалгая аа. Тэр үед манай Засгийн газарт ажиллаж байсан Номтойбаяр сайдыг эмнэлэг дээрээ авчирч олон хэлэлцүүлэг, яриа хийж байсан. За ингээд ЭМД-ыг салгасан. Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн 2017 оны УИХ-ын 40 дүгээр тогтоолоор батлуулж байсан.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Э.Санчир: Хүмүүс жингээ хасахын тулд давстай цэвэрлэгээ хийж, өөрийгөө “хорлож” байна

-Та өөрийн цахим хуудсаараа дамжуулан давстай цэвэрлэгээний талаар хөндсөн. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу. Давстай цэвэрлэгээ гэж яг юу вэ?

-Давс нь натри болон хлор гэсэн хоёр гол эрдсээс тогтдог. Байгалийн ямар давс байхаас шалтгаалаад бусад төрлийн эрдсүүд маш бага хэмжээгээр агуулагддаг юм. Давстай ус уувал гэдэс гүйлгэх нь тодорхой. Яг ямар давс уух нь төдийлөн ач холбогдол, ялгаа байхгүй. Дэлгүүрээс худалдаж авсан давс, хулсны давс ч бай бүгд адилхан үйлчилгээтэй.

Гүйлгэлтийн маш олон төрөл бий. Тухайлбал, халдвараас шалтгаалсан, осмосын суулгалт гэх мэт. Осмос даралтын зөрүүгээр бидний бие давстай усыг шингээж чаддаггүй. Энэ нь зарим тохиолдолд суулгалтаар илэрдэг.

Осмосын суулгалт нь яаж явагддаг вэ гэхээр, хүн их хэмжээний давстай ус уувал тэр нь осмос даралт маш өндөртэй учраас нарийн болон бүдүүн гэдсээр шимэгдэх боломжгүй. Тийм учраас давсанд агуулагдаж буй натри маш их хэмжээний усыг өөртөө татдаг. Ингээд биед байгаа усыг гэдэс рүү татсанаар суулгаж байгаа юм. 

-Ингэж суулгасны хор уршиг нь юу вэ. Хүний биед ямар нөлөө үзүүлэх бол?

-Хүний дархлааны системийн 70 хувийг гэдэс бүрдүүлдэг. Гэдэсний ханаар ашигтай бактериуд маш их бий. Гүйлгэхээр тэр ашигтай бактериа гадагшлуулчихдаг. Тухайлбал, “Venus Yoga Studio” гээд газар байна. Багшийнх нь зөвлөгөөг харахад, хулсны давс гэх зүйлийг худалдаалж, хүмүүсээр давстай цэвэрлэгээ хийлгэдэг юм билээ. Өдөр бүр, эсхүл өнжөөд нэг хийлгэж байгаа юм. Үүнээс нь болж хямарсан, өвдсөн хүмүүс манайд их хандаж байна. 

Тэндэхийн багш хулсны давсаа шүлтлэг чанартай гэж хэлж байна лээ. Шүлтлэг чанартай зүйл уугаад, нян бактерийн эсрэг үйлчилнэ гэсэн ойлголт байхгүй. Харин ч бидний биед ходоодны хүчил, цөсний хүчил гэх зүйлс байдаг тулдаа бактерийн эсрэг үйлчилдэг юм. Тиймээс шүлтлэг зүйл хэрэглэх нь гэдэсний эрүүл мэндийг хадгалдаг гэж ойлгож болохгүй.

Мөн хулсны давс нь 70-аад төрлийн эрдэстэй гэсэн байна. Тэр 70 төрлийн эрдэс нь хүний хоногийн хэрэглээний нэг хувийг ч хангаж чадахгүй. Түүний оронд нэг ширхэг чихэр идвэл илүү их эрдэс авна. 

-Танаас зөвлөгөө авахаар, ийм шинж тэмдэгтэй хүн хэр олон ирсэн бэ?

-Олон ирсэн. Хүмүүс “Намайг хоёр өнжөөд нэг удаа давстай цэвэрлэгээ хийж, гэдсээ угаагаарай гэж хэлсэн юм. Удаан хугацаанд ингэж явж байна” гээд ирдэг. Тэгэхээр нь би нөгөө хүнээс “Өдөр ирэх тусам таны харшлын тоо нэмэгдэж байна уу” гэж асуудаг юм. Хамгийн гол илэрдэг шинж тэмдэг нь тэр л дээ. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу