Хүчирхийлэл, дээрэлхэлтийн талаар мэдээллүүд ил болсон хар бараан долоо хоног шувтарч байна. Харин улс төрийн хүрээнд Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэж эхэллээ. Энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны ногдол ашгаа хүртэв

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Улмаар хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг тарааж,  1072 хувьцаатай иргэн 256 мянган төгрөг авлаа. Цагдаагийн ерөнхий газрын өгсөн мэдээллээс харахад ногдол ашиг орсны маргааш эрүүлжүүлэхэд хоносон хүний тоо энгийн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн байлаа. 

Жүжигчин Б.Номин, Т.Бадамжав, Б.Мишээл нарыг СУИС-д сурах хугацаандаа доод дамжааны оюутнуудаа дээрэлхдэг байсан тухай мэдээлэл цацагдлаа

Тодруулбал, Жүжигчин Б.Номин “Baji&Ylalt” нэвтрүүлэгт орох үеэрээ “Оюутан байхдаа доод дамжааны оюутнуудаа дээрэлхэж байгаагүй” хэмээн ярьжээ. Уг нэвтрүүлэг цацагдсаны дараа Б.Номин, Т.Бадамжав, Б.Мишээл нарын талаар СУИС-д суралцаж байсан эмэгтэй цахим хуудсаараа дамжуулан “Жерри, Немо, Б.Мишээл гурав манай ангийн охины хамрыг хугартал цохиж байсан. Байнга нүүрийг нь алгадаад, цээж рүү нь цохиод, бүгд хөх няц явдаг байсан. Зуун төгрөг өгөөд, “Дарс, зайрмаг авч ир. Хариултыг нь өгөөрэй” гэж дарамталдаг байсан. Байнга харааж, муухай үгсээр дууддаг байсан. Хэзээ ч ийм хүн биш шүү” хэмээсэн юм. Энэ асуудал өндрөө авч, СУИС-ийн үе үеийн төгсөгчид дээрэлхүүлж байсан тухайгаа дэлгэсээр байна. 

Мөн эл асуудлын дуулиан дуусаагүй байх үед залуу дуучин И.Мишээл МУГЗ Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нарын дарамтанд байсан тухайгаа шүгэл үлээлээ. Энэ талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Цагдаагийн алба хаагчид нийлж, 13 настай охиныг хүчирхийлжээ

Сэлэнгэ аймагт цагдаагийн дөрвөн алба хаагч нийлж, 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг гарчээ. Тодруулбал, охин гэрээсээ алга болсон тул ээж нь цагдаагийн байгууллагад хандсан байна. Цагдаа нар охиныг олсон ч нэгнийдээ аваачин, хүчирхийлсэн байна. Эл хэргийг Өрөг.мн сайт олон нийтэд ил болголоо. Улмаар хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл өгөв. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, уг хууль гарааны зурхайгаас хөдөллөө. 

Хуулийн төслийн зорилт нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах юм. Улмаар сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна. 

Хуулийн төслийг баталснаар Үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдэж, түүний төрөл, хуваарилалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт бий болох замаар Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хууль зүй, хүний хөгжлийн төвшинд дараах эерэг үр нөлөө гарна гэж үзжээ. 

  • Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдана.
  • Байгалийн баялаг, түүний дотор газрын хэвийн баялгийн үр өгөөжөөс бүрдсэн Үндэсний баялгийн санг бий болгох эрх зүйн орчин бүрдсэнээр 2019 оны Үндсэн хуулиийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчим, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас бий болсон үр өгөөжийг өнөө ба хойч үеийн иргэн бүрд тэнцвэртэй хуваарилах үзэл санааны суурийг илүү тодорхой болгон баталгаажуулж, бодитоор хэрэгжих эрх зүйн орчин бий болно.
  • Хөгжлийн сангаар дамжуулан хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээр олон тулгуурт эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах суурь бүтцийг бий болгосноор түүний үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ.
  • Хуримтлалын сангаар дамжуулан одоо үеийн иргэн бүрийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны суурь хэрэгцээг хангах хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Ирээдүй өв сангаар дамжуулан ирээдүй үеийн иргэн бүрд тэгш хүртэх хуримталыг бий болгоно.
  • Ирээдүй өв сангийн хуримтлалын зарим хэсгийг өндөр өгөөжтэй, эрсдэл багатай гадаад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэж, санг арвижуулах боломжийг бүрдүүлнэ гэж Засгийн газраас үзжээ. 

Dobu.mn сайтын бэлтгэсэн онцлох ярилцлагуудыг ЭНД дарж унших боломжтой.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу