МЗЭ-ийн гишүүн, Утга зохиолын “Шинэ Үнэр” бүлгэмийн уран бүтээлч зохиолч, яруу найрагч Өлзийхутагийн Үлэмжтөгсийн хүүрнэл зохиолын дөрөв дэх бие даасан уран бүтээл “5W1H” номын нээлт өнгөрсөн Баасан гарагт боллоо.

Тэрбээр өмнө нь “Танилц Ө.Үлэмжтөгс” (шүлгийн түүвэр) “Абсурд зүүдний хот” (постмодерн роман), “Иргэншлээс оргох тасалбар”(абсурд жүжиг, урбан өгүүллэгийн түүвэр), “Хийсвэр үг”(гранж шүлгүүд, триллер өгүүллэгүүд, контемпорари драм, кино зохиол), “Шинэ үнэр” хамтын антолог хэвлүүлсэн юм.

Эрэн сурвалжлах албаны сэтгүүлчийг гол дүрээ болгосон энэ романы үйл явдал уншигчдыг ээдрээт хэргийн нарийн гогцоо руу хөтөлнө..

Бидний өдөр тутмын бүхий л зүйлд зонхилдог болсон харилцаа холбооны олон арга хэрэгслээс “сэтгүүл зүй” бараг ялгагдах аа байж гэж хүмүүс ярих болсон. Бүр тогтмол хэвлэлийн хэрэглээ хумигдаж, цахим мэдээллийн эрин үе нүүр дүнгүй шуурч буй. Түүний дотроос жинхэнэ мэдээ мэдээлэл, сэтгүүл зүйн бүтээлийг олж аваад тарыг нь танина гэдэг бэрхшээлтэй болсон мэт. Түүнийг дагаад “СЭТГҮҮЛЧ” гэж ер яг хэн бэ? гэх асуулт ч гарна. Уг ном харин танд дүрслэж, харуулж, мэдрүүлж өгнө гэдэгт итгэлтэй байна. 

“5W1H” гэдэг бол хэзээ (when), хаана (where), юу (what), хэн (who), яагаад (why), яаж (how) гэсэн зургаан асуултад хариу өгөх ёстой гэсэн утга санааг илэрхийлдэг. Та бид гэтэл гар утсаараа хүлээж авдаг ихэнх шуурхай мэдээ нь нэг талыг барьсан “хэтэрхий шуурхай” мэдээлэл байх нь олонтоо болж. Мөн шудрага бус зүйлийн эсрэг дуугарч чадах хүч чадал аа ч “сэтгүүл зүй” алдаж буй мэт үзэгдэх болсон. Тэгэхээр 5W1H-ын болзолыг хангаж байгаа ч мөн чанар нь хаана яваа тухайг энэхүү номноос уншиж болно. 

Сэтгүүлчийн ажлын онцлог, арга барилаар нуун дарагдуулсан дуулиант хэргийг илчлэхийн тулд хэр хэмжээний хүндрэл бэрхшээлийг туулдаг, ямар сорилттой нүүр туулдгийг энэхүү романаар өгүүлжээ. Уран зохиол, тэр дундаа хүүрнэл зохиол нь  сэтгүүлзүйгээс тэс ондоо хэр нь сэтгүүлзүйн талаар төгс дүрслэж тайлбарлах тухайд бол энэ номоос харж болно. 

Зохиолч Ө.Үлэмжтөгс өөрөө сэтгүүлзүйн салбарт арав гаруй жил ажилласан мэргэжилтэн. Тэр ч утгаараа салбартаа ажиллах хугацаандаа нэгтгэж чадаагүй үгсээ эмхлэж дууссан нь энэ. Шүгэл үлээх, хашхирах их хүслээ үргэлжилсэн үгийн роман болгон уншигч олонд танилцуулж байна. 

Номын эхний бүлэгт “Амралт нь дуусах болоогүй сэтгүүлч залуу “халтуурны” ажил хийхээр зэхэж орон нутгийг зорьж буй” тухай өгүүлдэг.  Ингэхдээ ч сэтгүүлчдийн зан ааш, арга заль, цаашлаад техник хэрэглэлийг ч тодорхой гаргаж үйл явдлын сэжүүртэй холбодог.

Үнэн худал эсэх нь бүрхэг мэт сэтгэгдэл төрүүлэх болсон сэтгүүл зүй, мэдээ мэдээлэл, тэр дундаа сэтгүүлчийн тухай өгүүлэх ийм нэгэн ном уншигчдын гарт ирсэнд талархууштай. Хуудсыг нээн эргүүлэхээс нааш хүүрнэл зохиол, сэтгүүл зүй хоёр хоорондоо авцалдахгүй болов уу? Харин эргүүлэн цааш орвол сэтгүл зүйн ээдрээт бүх л асуудал танд уншигдах вий.

Тиймээс улирлын эхэн дөрөвдүгээр сард уншигч танд санал болгох шинэ ном бол “5W1H” юм. Сонин содон, этгээд, абсурд шүлэг зохиол туурвидаг тэрбээр сэтгүүлзүйн тухай бүтээлийг хэрхэн цэгцлэв гэдэг нь сонирхууштай.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу