Баянзүрх дүүргийн ИТХ-ын удирдлагууд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Жунчен гуофа технологи үйлдвэрлэлийн компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Уг санамж бичиг нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10 га талбайд Үйлдвэрлэл, инновацын төв, 10 га талбайд Ногоон эко парк төслийн бүтээн байгуулалтын ажил хийх нэрээр хятадуудад өгөхөөр санамж бичиг гэх мэдээлэл байгаа юм.

Дөрвөн уулын дунд тэлэх боломжгүй хавчигдмал Улаанбаатарын хувьд газар олголт замбараагүй явж ирснээс улбаатай авлигын сүлжээ, албан тушаалын наймаа газар авсан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Үүнтэй тэмцэнэ гэсэн. Энэ хүрээнд нийслэлд олгосон газрын асуудлуудыг шийдэх, нээлттэй сонсгол зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг онцолсон. Гэвч Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан том толгойлон БНХАУ-ын Жунчен гуофа компанид 20 га газрыг 25 сая ам.доллараар өгөх санамж бичиг байгуулсан нь ил боллоо. Энэ нь өнөөдрийн ханшаар 83 тэрбум 750 сая төгрөг гэсэн үг.

Нүүрсний хулгайн нээлттэй сонсголын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс БНХАУ-ын иргэдэд газар ихээр эзэмшүүлэх болсон нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал тул хуулийн байгууллага шалгаж, хариуцлага тооцохыг үүрэг болгож байв. Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь ч шийдвэр гаргаагүй байхад нэг дүүргийн хурган дарга нар дур мэдэн 20 га газарт бүтээн байгуулалт нэрээр халхавчилан олгохоор болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг даргын үгийг нохой хуцахын чинээ тоохгүй байна гэсэн үг.

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Засгийн газар, Хууль зүйн яам шахаад ажиллаад байдаг. Газрын мэдээллийг газрын албаныхан дөрвөн жил хууль хэрэгжүүлсэнгүй. Миний ойлгосноор ил болгохоор газрын албаны мафи ханз үсрэх гээд байх шиг байгаа юм. Зарим хүн Улаанбаатар хотын А зэрэглэлд 80 гаруй газар авчихсан, зарж байдаг том авлигын сүлжээ байна” гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл түүний хамар доор буюу сонгогдсон тойрогт нь 20 га газрыг 25 сая ам.доллараар бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нэрийн доор гаднын иргэдэд өгсөн байж болзошгүй ноцтой үйлдэл байгаа юм. Б.Энхбаяр сайдын хэлсэн авлигын том сүлжээ Баянзүрх дүүрэгт үүссэн юм биш үү.

Ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх МАН-аас нэр дэвшихээр намдаа хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл бий. Засаг дарга Н.Баярмөнх нь УИХ-ын гишүүн Энхтайваны Бат-Амгалангийн хүн гэдгийг бүгд мэднэ. Тиймээс хөрөнгө оруулалт нэрийдлээр халхавчилсан 83 тэрбум төгрөгөөр сонгуульдах гэж байгаа биш үү хэмээн хардахад хүргэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нүүрсний нээлттэй сонсголын үеэр “Өмнөговь аймаг улсаасаа бүрэн гарсан, өнгө мөнгө бүх зүйлээ худалдсан, хууль, шүүх үйлчилдэггүй газар болсны нотолгоо өнөөдөр харагдаж байна. Тиймээс энэ асуудлыг нэн даруй зогсоож, араг хэмжээ авах ёстой” хэмээн мэдэгдэж байсан бол сонгогдсон дүүргийнхээ 20 га газрын, 25 сая ам.долларын асуудалд анхаарал хандуулах цаг болжээ.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу