Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2024.04.09) хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хяналт шалгалтын тухай хуулийг 2010 оны парламентаар хэлэлцэж, Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт орсноор хэрэгжиж байгаа. Нийт ард түмний мэдэх эрхийг хангаж, хэд хэдэн нээлттэй сонсгол зохион байгуулсан. Тухайн хуулийн сонсголыг ахалж байгаа сайд нараа томилж, ашиг сонирхлын зөрчил байна уу, гэрч оролцож байна уу гэх мэт сонсголын үр дүн хүлээлтэд хүрсэнгүй. Бусад улсуудад сонсголд ирээгүй гэрчийг зургаа хүртэлх сарын хугацаанд хорьдог. Тэгэхээр энэ хуулийг дахин харж, сайжруулах шаардлагатай. 

Хоёрдугаарт, Монгол Улс байтугай дэлхий нийтийг сэрдхийлгэм гэмт хэрэг гарлаа. Бага насны эмэгтэй хүүхдийг дөрвөн цагдаагийн албан хаагч бүлэглэж, хүчирхийлсэн ноцтой гэмт хэрэг гарсан. Үүнд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ганц, хоёр алба хаагчид хариуцлага тооцоод өнгөрч болохгүй.

Иргэнийг гэмт хэрэгтнүүдээс хамгаалах ёстой хууль хяналтын байгууллагын ажилтан гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ хэргийг мэдээлж, олон нийтийн анхааралд оруулсан хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа. Ийм зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч болохгүй. Энэ хэргийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэхгүй байна. Бага насны хүүхдийг хамгаалалтад авах ёстой.

Ардчилсан нам 2016-2020 онд ажиллахдаа гэрч, хохирогчийг хамгаалдаг Тахрын албыг байгуулж байсан. Гэтэл МАН Засгийн эрхийг авсан даруйдаа маш яаралтай татан буулгасан. 

Энэ асуудлаар Ардчилсан намын гишүүд ярилцаад, Ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Ажлын явцын талаар зохих ёсны мэдээллийг олон нийтэд мэдээлэх болно. Мөн хууль эрх зүйн орчныг хэрхэн өөрчлөх ёстой талаар ярилцана” гэлээ. 

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу