Дунд сургуулийн сурагчийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан насанд хүрээгүй гурван хүүхдэд эрүүгийн хэрэг үүсгэхээр Прокурорын байгууллагаас шийдвэрлэсэн тухай Хятадын “CCTV News” телевиз мэдээллээ.

Тодруулбал, 2024 оны гуравдугаар сарын 10-нд Хэбэй мужийн Хандан хотын Фэйшян дүүргийн ахлах сургуулийн нэгдүгээр ангийн сурагч В бусдын гарт амиа алдаж, 11-нд тус хэрэгт холбогдсон насанд хүрээгүй Ж, Л, М нарыг олон нийтийн аюулгүй байдлын албаныхан баривчилсан байна.

Прокурорын байгууллага хэргийг хянаад, сэжигтнүүдийг гэмт хэрэг үйлдэхдээ 12-оос дээш настай боловч 14 насанд хүрээгүй, санаатай хүн амины хэрэг үйлдэж, хохирогч В-ийн амь насыг хохироосон гэж үзээд, БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Хэбэй мужийн прокурорын газраас Яллах дүгнэлт үйлдүүлэхээр Ардын дээд прокурорын газарт тайлагнасан байна.

Ардын дээд прокурорын газраас хянан хэлэлцээд, гэмт хэргийн сэжигтнүүдэд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шийдвэрлэснээ өнөөдөр (2024.04.08) олон нийтэд мэдээлэв.  

 БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үед 18-аас доош насны хүн болон шүүгдэж байх үед жирэмсэн байсан эмэгтэйд цаазаар авах ялыг хамааруулахгүй, бүх насаар нь хорих ял оногдуулдаг аж.

Амиа алдсан хүүгийн задлан шинжилгээнд ар гэрийнхэн нь оролцсон бөгөөд цаг гаруй үргэлжилсэн, хохирогч толгой, нүүр, нуруундаа гэмтэл авсан байжээ. Мөн гэмт хэрэгтнүүд хохирогчийн дансанд байсан 191 юанийг өөрсөд рүүгээ шилжүүлэн авсан байна.

“Хохирогчийн хувьд сургуульдаа явмааргүй байна, үхмээр байна” хэмээн ангийнхаа нэгэн найзад хэлж байсан төдийгүй түүнийг удаан хугацааны туршид үе тэнгийнхнийхээ дарамтад өртөж байсан байх магадлалтай хэмээн мэдээлж байна.

Хууль хяналтын байгууллагаас цаашид насанд хүрээгүй хүмүүсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улам нэмэгдүүлнэ хэмээн мэдэгджээ.

“Хүчирхийлэл үйлдэж, хүний амь насыг хохироосон хүүхдүүдийн асран хамгаалагчид ч хариуцлага үүрэг ёстой, гэмт хэрэгтнүүдэд хатуу хариуцлага тооц, сургуулиуд үе тэнгийнхний дээрэлхэлтийн эсрэг ажиллах хэрэгтэй, эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй бол битгий хүүхэдтэй бол” зэрэг сэтгэгдлүүдийг олон нийт цахим сүлжээнд хүчтэй илэрхийлсээр байгаа аж.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу