Он гарсаар бид онцгой байдлын таван алба хаагчийг ослын улмаас алдаад байна. Арван хоёрдугаар сард Хан-Уул дүүрэгт гацуурын гэрэл халснаас гал алдаж, гал түймрийг унтраахаар ажиллаж байсан 27 настай залуу алба хаагч амиа алдсан.
Удалгүй нэгдүгээр сарын 24-нд “Дүнжингарав” худалдааны төвийн замд болсон томоохон дэлбэрэлтийн улмаас 28-30 гаруй насны гурван алба хаагч эрдэнэт амиа алдсан. Мөн өчигдөр харамсалтайгаар нэг алба хаагч үүрэг гүйцэтгэж яваад амиа алдсан. Тэрээр ОБЕГ-т 20 жил ажилласан, 5 хүүхэдтэй байсан юм.
Санамсаргүй гэхэд дэндүү санамсаргүй, болгоомжгүй гэхэд дэндүү болгоомжгүй үйл явдал. Гэтэл өнөөх л хэдхэн сарын өмнө болж өнгөрсөн үйл явдал, шийдэл, харуусал дахиад л давтагдаж байна. Объектын томоохон гал түймрийг унтраах ажиллагаа бүрд алба хаагч амиа алдах боллоо.
Үүний араас эмгэнэлийн зурвас дээр талийгаачийн зургийг хэвлэж, “Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Таны баатарлаг гавьяаг бид үүрд дурсана” гэх үг бичигдэнэ. Тэгээд цахим хуудсаар нэг зулын зураг, бичлэг явна. Албаны хэсэг хүмүүс “Уг нь бид ийм хувцастай юм аа” гэж хэвлэлийн хурал хийгээд бол оо. 
Товчхондоо ийм л богинохон үйл явдал ар араасаа давтагдсаар байна. Амиа алдсан алба хаагчдын ар гэрт мэдээж гурван өрөө байр, үр хүүхдэд нь цалингийн тодорхой хувиар тэтгэмж олгоно. Гэтэл амиа алдахыг нь хараад байгаад л байх хэрэг үү.
Хэдхэн сарын өмнө Онцгой байдлын ерөнхий газраас “Энэ жил улсын төсвийн 15 тэрбум төгрөгөөр тусгай зориулалтын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж авна” хэмээн мэдээлсэн. Гэтэл долоохон хоногийн өмнө шөнө дөлөөр дууны клип хийхээр хамаг техник хэрэгслээ зам дээр эгнүүлчихсэн дуулж байж билээ.
Онцгойнхны баатарлаг гавьяаг магтан дуулах нэгэн уран бүтээл удахгүй төрөх нь. Түүнийг нь хэчнээн тэрбумын төсөвт өртгөөр бий болохыг мэдэхгүй ч дуунаас илүү хувцас хэрэглэлээ шийдэх нь юу юунаас чухал баймаар юм.
ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр “Өдөр тутмын хувцас хэрэглэлийг улсын төсөвт тавигдсан хөрөнгийн хэмжээгээр алба хаагчдад авч өгдөг. Алба хаагчдын хувцас хэрэглэлд мөрдөгддөг стандарт байдаг. Тухайлбал, галын хувцсанд тэдэн градуст тэсвэртэй байх шаардлага тавигддаг.
Өндөр үнэтэй, чанартай хувцас байж болно, энэ хэмжээгээр худалдан авах гэхээр тоо нь багасдаг асуудал тулгардаг. Тийм учраас Монгол орны цаг агаарт тохирсон, боломжийн үнэтэй хувцас хэрэглэл авахыг зорьж ажилладаг” хэмээн ярьж байсан.
Дууны клип хийх төсвөө багасгаад, хувцас дээрээ нэмье гэж бодоогүй хэрэг үү. Гуравхан сарын өмнө болсон аймшигт үйл явдлын араас л алдар гавьяагаа магтан дуулахгүй бол болохгүй байсан юм болов уу.
Урьтаж хувцас хэрэглэлд ноогдох төсвийнхөө хэмжээг нэмэгдүүлж, шаардлагатай нэмэгдлийг бэлтгэж байсан бол харин магтууштай байхсан. Ард иргэдийн эд хөрөнгө, амь насыг хамгаалах хамгийн эрсдэлт албан үүрэг гүйцэтгэдэг хэдхэн бор онцгойнхондоо хувцасных нь мөнгийг л нэмээд төсөвлөчихөд болох байсан биш үү. Нэгэн хүүгийн аав, нэгэн ээжийн хүү, халамжит хань бидний дэргэдээс үүрд одлоо.
Маргааш, нөгөөдөр дахиад хэзээ, хаана ямар гэнэтийн эрсдэл гарч, түүнд нь хэчнээн алба хаагч өртөх бол гэхээс өр өвдөж байна. Хохирсон ар гэрийнхнийг нь тэтгэдэг бэлтэй биш, алтан амийг нь хохироодоггүй бэлтгэлтэй байя, Онцгой байдлын Ерөнхий газрынхаан

А.ДОРЖ

3 САНАЛ

  1. Alba haagchdiin hangalt ni muu bgaa ni vnen shvv gandaj unguu aldsan uranhai tsooronhoi hutsas gutaltai yvdag shvv

  2. Alba haagchdiin hangalt ni muu bgaa ni vnen shvv gandaj unguu aldsan uranhai tsooronhoi hutsas gutaltai yvdag shvv

  3. Удирдлага муу байна дээр нь мэргэжилын хүнээр даргийг нь хийлгэлдээ хэн нэгний арын хаалганы сугны үснүүд л яваад байх юм хэдэн хүний амиар тоглох гээд байгаа юм бэ?төсөв мөнгөө олигтойхон шийдүүлээд ажилын багж хэрэгсэлийг нь олигтойхон өгөлдөө малуудаа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу