Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулах шатаж буй талаарх мэдээллийг бид хүргэсэн билээ. Гал түймрийг унтраах ажиллагааны үеэр Онцгой байдлын нэг алба хаагч амь насаа алдсан харамсалтай явдал болсон.

Үүнтэй холбоотойгоор НОБГ-аас мэдээлэл хийх үеэр амиа алдсан алба хаагчийн ар гэрийн зүгээс удаа дараа тэтгэвэрт гарах өргөдлөө өгч байсан ч хүлээж аваагүй талаар хэллээ. Тодруулбал, “Салбартаа хорин жил ажилласан алба хаагч байсан. Тэтгэвэртээ гарах хугацаа нь болчихсон байсан ч хүсэлтийг нь хүлээж аваагүй.

2023 оны есдүгээр сараас хойш удаа дараа тэтгэвэртээ гарах хүсэлтээ өгсөн. Өмнө нь ажил үүргээ гүйцэтгэж яваад хүнд гэмтэж, түлэгдсэн. ОБЕГ-аас 30 хувийн түлэгдэлттэй гэсэн боловч 80 хувийн түлэгдэлтэй байсан.

Эмчилгээ хийлгэхээр чөлөө авсан хоёр жилийн хугацаагаар нь шалтаглаад хүсэлтийг нь хүлээж аваагүй. Хүсэлтийг нь хүлээгээд авчихсан бол өнөөдөр ийм зүйл болохгүй байсан. Бага насны таван хүүхэдтэй хүн шүү дээ. Энэ бүхэнд гомдолтой байна” хэмээн ярьсан юм.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу