БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Бээжинд уулзахдаа “Орос, Хятад хоёр орон энх тайвнаар зэрэгцэн оршиж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ замд орсон нь олон улсад шударга ёсыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулсан” гэж мэдэгджээ.

Тэрбээр хэлэлцээний эхэнд ОХУ-ын сайдаас “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд мэндчилгээ дэвшүүлэх”-ийг хүссэн байна.

Ши Жиньпин “Энэ жил Хятад, Орос хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэж байна. Эдгээр жилүүдэд манай хоёр том гүрэн энх тайван, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ замд орсон нь бодит үр өгөөжөө өгсөн. Хоёр улс олон улсад шударга ёсыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан” гэж хэлжээ.

БНХАУ-ын дарга ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавровт хандан “Олон жилийн турш та Орос-Хятадын харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар олон үр өгөөжтэй ажил хийлээ” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Оросын дипломат албаны тэргүүн дөрөвдүгээр сарын 8, 9-нд Хятадын нийслэлд албан ёсны айлчлал хийж буй юм. Тэрбээр өмнө нь БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээ хийжээ.

Эх сурвалж: TASS, RGRU
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу