Улаанбаатар хотыг 2020 оныг хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх чиг хандлага бодлогын баримт бичигт тусгасны дагуу Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн I үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр төлөвлөн тус дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлуудыг 2022 онд бүрэн гүйцэтгэж дууссан ба одоогоор төслийн 2 болон 3 үе шатны ажлууд өрнөж байна.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусганаар хотын гэр хорооллын бүсэд 6 шинэ дэд төвүүд бий болгох суурь инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ болон нийгмийн барилга байгууламжийн ажлуудыг хийж гүйцэтгэж буй.

Эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажлын гүйцэтгэл 70 хувьтай байгаа бол дараагийн ээлжинд Дэнжийн мянга, Толгойт, Дамбадаржаа, Шархад, үүний дараагаар Нисэх, Яармагт дэд төв байгуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Улаанбаатар хотод зургаан дэд төв байгуулснаар нийт 40 гаруй мянган өрхийн амьдрах орчныг сайжруулах ач холбогдолтой юм.

Сэлбэ дэд төвд Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд нийт 156 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлж байна.

Сэлбэ дэд төвд 6.7 км авто зам, 5.3 км цахилгаан холбоо, 9.97 км дулаан хангамж, 19.78 км ус хангамж, ариутгах татуурга, 2.4 км үерийн хамгаалалтын далан суваг, 3.01 га тохижилт, 150, 240 хүүхдийн хоёр цэцэрлэг, 1000 м3 усан сан, 24 м, 30 м, 60 м гурван гүүр, Дулааны станц, Мэдээлэл холбооны төв, Бизнес инкубатор, сургалтын төв, Дэд станц гэсэн бүтээн байгуулалтууд хийгдэх юм.

Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд барьж байгуулсан зарим ажлуудаас дурьдвал, төслийн нэгдүгээр үе шатны Баянхошуу, Сэлбэ дэд төвд 1253 нэгж талбарын газар чөлөөлөлтийг хийж, 13.3 км авто зам, 28 МВт Сэлбэ дулааны станц барьжээ.

37.8 км дулаан хангамжийн шугамыг 29 ус дулаан дамжуулах төвийн хамт, 2 байршилд 1000 м3 усан сан 3 насос станц, 20.2 км цэвэр усны  шугам,  30 км ариутгах татуургын шугам болон 35/10кВ цахилгааны дэд станцууд, холбооны шугам, 6.8 км үерийн хамгаалалтын далан суваг, 7.66 га талбайд тохижилт, ногоон байгууламж хийсэн байна.

Мөн Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 240 хүүхдийн ортой цэцэрлэг, Бизнес инкубатор төв, Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв зэрэг нийгмийн барилгуудыг ашиглалтад оруулсан байна.

Сэлбэ Дулааны станцад 35 барилга байгууламжийг холбож, түүхий нүүрсээр ажилладаг 10 орчим уурын зуухыг буулгаснаар түүхий нүүрсний хэрэглээг жилийн 18500 тонноор буулгажээ.

2400 АЙЛЫН 200-ГААД ГА ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛНӨ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өчигдөр (2024.04.09) Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүдтэй уулзахдаа Сэлбэ дэд төвийн төслийн явцын талаар мэдээлэл өгөв.

Энэ ажлын хүрээнд Сэлбэ дэд төвийн байршилд буй 2400 айлын газрыг чөлөөлөх юм байна. Нийт айлын 97 хувь нь газраа чөлөөлж, оронд нь байр авъя гэж шууд зөвшөөрчээ. Хөрөнгийн үнэлгээний газартай Нийслэлийн засаг даргын тамгын газар гэрээ байгуулсан нэг дор 2400 айлтай хэлцэл хийж чадахгүй учраас эхний ээлжид эхний 400 айлтай хэлцэл хийж, гарын үсэг зуруулахаар болсон байна.

Хотын дарга “2400 айлын газрыг чөлөөлснөөр үндсэндээ 200-гаад га газрыг чөлөөлнө” гэв. Сэлбэ дэд төв дээр зөвхөн орон сууц барихгүй юм байна. Дээрх 200 га газрын 60 хувийг барилгажуулж, 40 хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөжээ. Тодруулбал, 60 хувьд нь орон сууц, сургууль, цэцэрлэг, худалдааны төвүүд барих аж. Өөрөөр хэлбэл, дээрх 2400 айлыг нүүлгээд, 12 мянган айлын орон сууцаа барих юм байна.

Гол нь “Газраа өгөөд, оронд нь байраа ав” гэсэн бодлого барьж буй бөгөөд иргэдийн дийлэнх нь мөнгөө аваад газраа чөлөөлж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Энэхүү дэд төвийн оршин суугчид хотын төв рүү кино үзэж, кофе уухаар ордог биш, гол нь тэндээ ажлын байртай, бүх үйлчилгээгээ нэг дороос авдаг болгохыг зорьж байгаа аж.

Өнөөдөр тулгамдаж буй хамгийн том асуудал нь, замын нүүрний эгнээний авто засвар, дэлгүүр, зочид буудал, машин угаалгын газруудын хэлж буй үнэ дийлдэхгүй байгаа асуудал аж. Тиймээс нэгдүгээр эгнээг түр орхиод, хоёрдугаар эгнээнээс эхлээд тавдугаар сарын 20-ны дотор чөлөөлж дуусгахаар төлөвлөж байгаа аж. Мөн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, ирэх сарын 20-нд хүлээж авах юм байна.

“СЭЛБЭ ДЭД ТӨВ БАРИХ МӨНГӨ БОСГОХ БОНДЫГ ДОТООДОД ГАРГАХГҮЙ”

Нийслэлээс Засгийн газар, Их хуралд 200 га газарт Сэлбэ дэд төв барих мөнгөө босгох бондын хүсэлтээ гаргахаар төлөвлөжээ. Барилгын материал, түүхий эдийн дийлэнх нь импорт. Тиймээс ханшид нөлөөлнө гэдэг утгаар бондыг дотоодод гаргахгүй юм байна. Хотын дарга дотоодоос бонд босгох шиг амархан юм байхгүйг хэлж байлаа.

Нөгөөтэйгүүр, 21 аймгаас урьтаж, нийслэл гаднын хөрөнгийн зах зээл дээр гарахаар төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар гадаад андеррайтераар JP Morgan сонгогдон ажиллаж байгаа ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу