Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2024.04.10) өргөн мэдүүллээ.

 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж, хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хэлэлцээд байна.
Дүгнэлтээр тус хөтөлбөрт төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилт дунджаар 75 хувьтай гарсан. Гэвч авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулж, хэрэгжилтийг сайжруулах, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигатай тэмцэхэд иргэд, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, төсөв, санхүүгийн ил тод байдал, хариуцлагыг өндөржүүлэх зэрэг энэхүү үндэсний хөтөлбөрөөр хараахан хүрээгүй, үргэлжлүүлэн сайжруулах шаардлагатай үйл ажиллагаа, арга хэмжээ хүлээгдэж байна.    
Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлд “Улсын Их Хурал Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах бөгөөд түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан хугацаагаар батална” гэж заасан.
Төлөвлөгөөний төсөлд Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан 11 зорилго, 48 зорилтыг хангах чиглэлээр 2023-2030 онд 290 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Иймд Авлигын эсрэг хууль, дээрх бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, авлигын төсөөллийн индексэд ахиц гаргах, түүнчлэн УИХ-аас 2016 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг УИХ-ын 2023 оны 59 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсантай холбогдуулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах хэрэгцээ, шаардлагыг үзэл баримтлалд тодорхойлж, түүнд нийцүүлэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу