Засгийн газрын өнөөдөр (2024.04.10)-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн асуудлаар олон улсын болон хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах Ажлын хэсгийг байгуулжээ. Уг Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахалж ажиллах аж.

Ажлын хэсгийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт хэлмэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын үндсэн эрх зөрчигдсөн асуудалтай холбогдуулан Засгийн газраас тодорхой ажлууд хийж, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах, үүн дотроо НҮБ-ын Хүний эрхийн хороо болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг дэд хороотой хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд Ажлын хэсэг нэн түрүүнд холбогдох асуудлыг судалж, иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай биечилж уулзана. Мөн олон улсын экспертүүд болон хөндлөнгийн зөвлөхүүдтэй хамтарч ажиллах, энэ асуудлыг олон улсын хэмжээнд гаргах, цаашлаад Монгол Улсын иргэдийн эрх зөрчигдөхгүй байхад анхаарах зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөөд ажиллаж байна. 

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг мөрдөн байцаах, хянан шийдвэрлэх ажиллагаа бол холбогдох хуулийн дагуу харъяалагдах чиг үүргийн байгууллагад үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулаад Засгийн газраас тайлбар өгөх боломжгүй” хэмээн хэллээ. 

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Шүүхээс энэ хэргийг мөрдөн байцаалтад буцаан шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Тэгэхээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг одоог хүртэл сэжигтэн хэвээрээ байгаа гэж ойлгож байна? 

-Бидэнд байгаа мэдээллээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тэгэхээр сэжигтэн гэж үзэх үндэслэлгүй. Гэхдээ мөрдөн шалгах явцын талаар мэдээллийг Ажлын хэсгээс өгнө. Нэгэнт эдгээр иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээхтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас Засгийн газраас шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлнэ. 

-Тэд нөхөн төлбөрт хэдэн төгрөг нэхэмжилж байгаа вэ?

-Иргэн Т.Чимгээгийн хувьд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэв өөрөө зөвшөөрвөл энэ тухай мэдээллийг олон нийтэд ил болгоно. Гэхдээ одоогийн байдлаар түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээж авахгүй байгааг Т.Чимгээ илэрхийлсэн. Цаашдаа зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хуульд заасан нөхөн төлбөрийг нэн даруй олгохоор ажиллах болно.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруутай хэмээн үзсэн шүүгч нарт ямар арга хэмжээ авах вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах гэсэн бие даасан бүлэг бий. 

Монгол Улс НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод нэгдэн орсон байдаг. Үүнд зааснаар хэрэв эрүүдэн шүүгдсэн нь нотлогдсон бол тухайн иргэний хохирлыг нөхөн барагдуулах үүргийг улс нь хүлээдэг.

Мөн мөрдөгч, прокукор шүүгчийн гэм буруугаас учирсан хохирлыг төр хариуцна гэсэн заалттай. Нөгөө талаас хүнийг хууль бусаар хохироосон албан тушаалтнуудад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр эдгээр мөрдөгч, прокурор, шүүгчдийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу