Тайваньд өнгөрсөн долоо хоногт болсон 7.4 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа лабрадор нохой олны анхаарлын төвд оржээ.

Аврах ноход байшин барилга дор дарагдсан хүмүүс болон цогцос олоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд Тайванийн эрх баригчид гамшигт газар хөдлөлтийн дараа сургуультай ноходтой багуудыг газар хөдлөлтийн бүсэд ажиллуулсан байна.

Тайванийн арлын зүүн эрэгт сүүлийн 25 жилд тохиолдоогүй маш хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд тус улсын байгалийн үзэсгэлэнт үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөрсний гулгалт үүсэж, хэд хэдэн барилга хэсэгчлэн нуржээ.

Тус улсын эрх баригчид болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, 8 настай Рожер нохой газар хөдлөлтийн улмаас амиа алдсан 13 хүний нэгийнх нь цогцсыг олоход тусалсан байна.

Тайванийн албан ёсны мэдээллийн төв агентлаг (CNA)-ийн мэдээлснээр, тэрээр их хэмжээний хохирол учирч, эвдэрч сүйдсэн “Тароко” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Шакадангийн жим рүү багийнхантайгаа орж, сураггүй болсон 21 настай эмэгтэйн цогцсыг олжээ.

Рожер хар тамхи илрүүлэх үнэрч нохдын сургалтын төвд төрсөн байна. Гэвч тэр хүнд элгэмсүү, дасгалжуулагчийнхаа тушаал дагуу ажиллах чадвар сул байсны улмаас хар тамхины “мөрдөгч” болж чадаагүй талаар CNA мэдээлжээ.

Каошюн хотын гал түймрийн албаны аврагч нохойн ангийн ахмад Чен Чих-сан “Рожерыг 1 настай байхад аврагч нохдыг сургах сургуульд шилжүүлсэн” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

Тэрбээр “Би түүнийг сайн биш байсан, эсвэл бусадтай таарахгүй байсан гэж хэлэхгүй. Гэхдээ хар тамхи илрүүлэгч нохойд тавигдах шаардлага бол тэд хэт тайван, бие даасан байж болохгүй” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу