Астанагийн шүүх Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт холбогдох хэргийг хэлэлцэж байгаа аж. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар, тэрбээр өөрийн эхнэр Салтанат Нукеноваг зоогийн газрын VIP өрөөнд онц хэрцгийгээр зодож, амь насыг нь бүрэлгэжээ. Гэвч Бишимбаев өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан, өдгөө 43 настай Куандык Бишимбаев Астанагийн шүүх танхимд өөрийн үеэл Бахытжан Байжановтай хамт ирсэн байна. Тэрбээр хэрэг гарсан орой эхнэрээ архи ууж, өөрийг нь “өдөөн хатгасан” гэж мэдүүлжээ. Түүний энэхүү мэдэгдэл Казахстан төдийгүй хөрш зэргэлдээ орнуудад ч дуулиан тарьж байгаа аж.

Бишимбаев шүүх хурлыг бүрэлдэхүүнтэй явуулж өгөх хүсэлт гаргажээ. Түүнийг өөрийн эхнэр, 31 настай Салтанат Нукеноваг тамлаж, онц хэрцгийгээр амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт буруутгаж буй юм байна.

Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 9-ний шөнө Бишимбаев эхнэрээ хамаатныхаа зоогийн газарт зоджээ. Үүний улмаас хохирогч тус зоогийн газрын VIP өрөөний шалан дээр 6-8 цагийн турш ухаангүй байсан аж.

Сайд асны ахыг гэмт хэргийг нуун дарагдуулсан, мэдээлээгүй, түүний заавраар хяналтын камерын зарим бичлэгийг устгасан гэсэн үндэслэлээр буруутгажээ.

Бишимбаевыг энэ сарын 3, 4-ний өдөр байцаасан байна. Хэрэг гарсан өдрийн орой тэрбээр эхнэртэйгээ хамт гурван шил оргилуун дарс уужээ. Улмаар маргалдаж, хохирогч түүнийг элдэв муу үгээр доромжилж, өөрт нь бэлэглэсэн үнэт эдлэлүүдийг жорлон руу урсгасан талаар мэдүүлсэн байна.

Тэрбээр талийгаачийн нүүрэн дээрх шархыг тайлбарлахдаа “Тэр буруу хараад зогсож байсан. Огцом татахад тэнцвэрээ алдаж, нүүрээрээ маш хүчтэй газарт унасан. Дахин босох гэж байгаад суултуур мөргөж унасан” гэжээ. Энэ үеэр сайд асан эхнэрээ 4-5 удаа өшиглөснөө хүлээн зөвшөөрсөн байна.

Эхнэр нь ухаан алдаж, ухаан орохгүй байсан тул Бишимбаев мэргэ төлөгч рүү залгасан нь байцаалтын явцад тодорхой болжээ.

Сайд асан “Би маш их санаа зовж, зөн билэгтэй найз руугаа залгасан. Би “Тэр сэрэхгүй, нүүр нь хөхөрсөн байна” гэхэд найз маань “Тэр зүгээр ядарсан байна. Тэр ухаан орно, гэртээ харь” гэж хэлэхэд миний сэтгэл тайвширсан” гэж мэдүүлжээ. Тиймээс ч Бишимбаев түргэн тусламж дуудалгүй, үеэл Бахытжан Байжанов руу утасдаж, кетоналтай аспирин авчрахыг гуйсан байна.

Тэрбээр эхнэртэйгээ муудалцсан бичлэг нь телеграм сувгаар тархахгүй байхад анхаарч, камерын бичлэгийг устгаж өгөхийг үеэлээсээ хүссэн нь шүүх хурлын үеэр тодорхой болжээ. Мөн элдэв шуугиан дэгдээхгүй байх үүднээс түүнийг гэрт нь хүргэж өгөхийг ч үеэлээсээ хүссэн байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Нукенова тархины битүү гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогджээ. Улмаар хамар нь хугарч, толгой дээр нь олон тооны шарх үүсч, хөх няц болсон байсан аж. Мөн хохирогч унасан нь үхлийн шалтгаан болоогүй гэсэн дүгнэлт гарчээ.

Улсын яллагч шүүх хурлын үеэр хяналтын камерын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн байна. “Бишимбаев Нукеновагийн үснээс базан хэдэнтээ өшиглөж, дараа нь нүүр рүү нь цохижээ. Улмаар түүнийг VIP өрөөнд оруулахыг оролдож буй нь дүрс бичлэгт бичигдэн үлдсэн байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд болсон шүүх хурал дээр зоогийн газрын ажилтнууд Бишимбаевын үеэл Байжановын хүсэлтээр зарим бичлэгийг камерын бичлэгээс устгасан нь тогтоогджээ. Үүний зэрэгцээ улсын яллагч нэгэн наймаачны мэдүүлгийг уншсан байна. Цагдаа нарыг ирэхээс өмнө Бишимбаев гартаа хутга барьсан явж байсан аж. Гэрч мэдүүлэхдээ “Бишимбаев эхнэрээ хөнөөснийхөө дараа амиа хорлохыг завдсан” гэжээ.

Бишимбаев мэдүүлэг өгөхийн зэрэгцээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Казахстан болон бусад улс оронд шуугиан дэгдэхэд хүргээд буй юм. Олон нийтийн сүлжээнд, амиа алдсан эмэгтэйг дэмжсэн #forSaltanat гэсэн хаштаг үүсгэжээ.

Бишимбаевын өрсөлдөгчид түүнд бүх насаар нь хорих ял оноохыг шаардаж буй юм байна.

Хямралын төвүүдийн холбооны тэргүүн Зульфия Байсакова BBC-д ярилцлага өгөхдөө “Шүүх хурлыг онлайнаар явуулж байгаа нь олон нийтийн дургүйцлийг улам нэмэгдүүлж байна” гэжээ. Шүүх хуралдааныг Казахстаны Дээд шүүхийн YouTube сувгаар дамжуулсан байна.

Хүний ​​эрхийн төлөө тэмцэгч “Бишимбаев өмнө нь авлигын хэргээр шалгагдаж байсан ч өөр зүйл ангиар яллагдагчаар татагдсан. Улсын Ерөнхийлөгч түүнийг хугацаанаас нь өмнө сулласан бөгөөд тэрбээр дахин хууль зөрчиж, маш харгис хэрцгий хэрэг үйлдлээ” гэж хэлсэн байна. Байсакова “Энэ нь тангарагтны шүүхээр шүүгдэж байгаа гэр бүлийн хүчирхийллийн анхны хэрэг” гэж тэмдэглэжээ.

Казахстаны Ерөнхий прокурорын газраас мэдээлснээр, цагдаагийн байгууллагад өдөрт гэр бүлийн хүчирхийллийн тухай 300 орчим мэдээлэл ирдэг байна. Энэ хэргийн улмаас жил бүр дор хаяж 80 эмэгтэй амиа алддаг ажээ.

Тус улсын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар хүчирхийлэл үйлдэгчийг цагдаагийн байгууллага 30 хоногийн хугацаанд хохирогчтой харилцахыг хориглодог аж. Хамгаалалтын журмыг зөрчсөн тохиолдолд “хүчирхийлэгч”-ийг 10 хүртэл хоног баривчилдаг байна.

Казахстанд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байгаа аж. Тухайлбал, хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгажээ.

2024 оны хоёрдугаар сард уг хуулийн төслийг Мажилис (Казахстаны парламентын доод танхим) баталж, Сенат (парламентын дээд танхим)-аар хэлэлцүүлэхээр илгээсэн байна.

Хэдийгээр Эрүүгийн хуульд эдгээр зүйл заалтуудыг оруулж буй ч шийтгэлийн төрлүүд болох торгууль, баривчилгаа хэвээр, зөвхөн хугацаа нь нэмэгдэж байгаа аж. Танхайн гэмт хэргийн торгуулийг 36 мянгаас 295 мянган тенге (80-аас 650 доллар) болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж буй юм байна.

Эх сурвалж: BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу