Дэлхийн хэмжээнд нийт нэг тэрбум гаруй тонн зэсийн нөөц бүртгэлтэй байгаа талаар АНУ-ын Геологийн албанаас мэдээлсэн. Шинжээчид эрчим хүчний шилжилтийн улмаас нийлүүлэлт тасалдаж, энэхүү металлын эрэлт нэмэгдэж буй энэ үед үнэ нь урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч магадгүй гэсэн таамаглал дэвшүүлсээр байна. Ам.долларын ханшийн сулрал ч үнийн өсөлтийг дэмжих хүчин зүйл болж буй юм.

ЗЭСИЙН ҮНИЙН ӨСӨЛТИЙН ТААМАГЛАЛ

Бизнес, санхүүгийн зах зээлийн мэдээллийн CNBC “Зэсийн үнэ 2025 он гэхэд 75 гаруй хувиар өсөж, түүхэн дээд хэмжээнд хүрч магадгүй” гэж мэдээлсэн бол Citibank болон “Goldman Sachs” зэсийн үнэ тонн тутамдаа 15 мянган ам.долларт хүрнэ гэж таамагласан билээ.

BMI (Fitch Solutions) “Ногоон эрчим хүч рүү шилжиж буйтай холбоотойгоор металлын эрэлт нэмэгдэж, 2024 оны хоёрдугаар хагаст ам.долларын ханш сулрах магадлалтай байгаа нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлнө” гэж үзжээ.

Холбооны нөөцийн сан энэ онд бодлогын хүүгээ бууруулснаар ам.долларын ханшийг сулруулж, “ногоон”-оор арилжаалагддаг зэс валют эзэмшигчдийн сонирхлыг татах нь гарцаагүй юм.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци (COP28)-д оролцогч талуудын бага хурлын үеэр 60 гаруй улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөг дэмжсэн. Citibank “Энэ нь цахилгаан автомашин, салхин сэнс үйлдвэрлэхэд өргөн ашигладаг зэсийн үнийн хувьд туйлын таатай хүчин зүйл” гэж нэрлэсэн билээ.

Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч “Англо Америка” мөн өмнө нь зардлаа багасгахын тулд 2024, 2025 онд зэсийн үйлдвэрлэлээ бууруулахаа мэдэгдсэн. Энэ онд тус компани 730-790 мянган тонн буюу өмнөх тооцооллоос 20 хувиар бага, 2025 онд 690-750 мянган тонн буюу өмнөх тооцооллоос 18 хувиар бага зэс тус тус үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

“Goldman Sachs” 2024 онд зах зээл дээр зэсийн алдагдал 500 гаруй мянган тонн болно гэж таамагласан нь бий.

БИРЖИЙН АРИЛЖАА БА МОНГОЛЫН ЗЭС СОНИРХОЛ ТАТАЖ БАЙНА УУ

Монгол Улс зэсийн нөөцөөр дээгүүрт тооцогдох Чили, Перу, Австрали, ОХУ, Конго зэрэг улсын дараа эхний 10-т багтаж буй. Засгийн газар энэ оны хоёрдугаар сард зэсийн баяжмалыг биржээр арилжаалах шийдвэр гаргасан. Энэ нь далд эдийн засгийг ил болгох, зэс, нүүрсийг худалдахад хэн нэгэн таньдаг хүн, дарга оролцсоноор замбараагүй байдал үүсдэгийг халах, Монгол Улсад орж ирэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой.

Биржээр арилжих уул уурхайн бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлснээр байгалийн баялгийн үр өгөөж нэмэгдэж, худалдан борлуулах үйл явц авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, экспортын орлого нэмэгдэх, төсвийн орлого тэлэх ач холбогдолтой.

Засгийн газар эхний ээлжид “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалын 5-10 хувийг арилжих, дараа дараагийн жилд энэ хувийг өсгөхөөр төлөвлөсөн.

Монгол Улсын зэсийн баяжмалыг худалдан авах сонирхол гадныханд их байгаа ажээ. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве энэ сарын 9-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтартай уулзахдаа хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж, шууд нислэгтэй болж, зэс, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн Монгол Улсаас импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан өмнө нь буюу өнгөрсөн гуравдугаар сард зэсийн баяжмалыг биржээр арилжих анхны хэлцлийн саналыг Вьетнам улсаас ирүүлсэн талаар мэдээлсэн билээ. Ямартаа ч худалдан авагчдын сонирхол чамлахааргүй байгаа бололтой.

Биржээр зэсийн баяжмал арилжих бэлтгэлээ хэр базааж байна вэ? Өнөөдрийн байдлаар зэсийн баяжмалын туршилтын арилжааг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж буй бөгөөд энэ сарын дундуур арилжаа эхлэх төлөвтэй байна.

Салбарын яамнаас энэ оны төсөвт 1.5 сая тонн зэсийг тонн тутамд 9000 ам.доллароор арилжихаар тусгаад байгаа ч эхний ээлжид “Эрдэнэт үйлдвэр”-ийн нийт баяжмалын 5-10 хувийг зарах боломжтой. Ирэх жилээс 30 хувь, 2025 оноос 50 хувь гэх мэтээр арилжааны хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөсөн талаараа мэдээлсэн билээ.

“Оюу Толгой”-н хувьд 2025 оноос тус уурхайн баяжмалын тодорхой хувийг биржээр арилжаалж магадгүй байгаа аж.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хувийн хэвшил болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт танилцуулах, оролцогч талуудад зэсийн баяжмалын арилжааны нөхцөлийг мэдээлж, санал авах уулзалт хэлэлцүүлгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан Зэсийн баяжмал арилжаалах Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотойгоор бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар мэдээлсэн. Арилжааны зарчмын хувьд нүүрс, төмрийн хүдэр арилжаалдаг зарчимтай адил.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газраас өчигдөр (2024.04.10) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран зэсийн баяжмалын арилжаанд оролцох хүсэлтэй худалдан авагчдад зориулж цахим сургалтыг давтан зохион байгуулж, зэсийн баяжмалын арилжаанд хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Сургалтад Чех, Серб, БНСУ, Сингапур, Герман, Вьетнам, БНХАУ болон Монгол Улсаас 60 гаруй төлөөлөл оролцжээ.

Урьдчилсан байдлаар зэсийн баяжмалыг нэг арилжаагаар худалдах хамгийн доод багц нь 1000-2000 тонн байхаар тусгасан бөгөөд төмөр замаар тээвэрлэх талаар эх сурвалж мэдээлэв. Дуудах доод үнийг одоогийн журмаар худалдагч буюу “Эрдэнэт үйлдвэр” олон улсын зах зээлээс үндэслэсэн үнийг тогтоох зохицуулалттай билээ.

Өнөөдрийн байдлаар “Монголын Хөрөнгийн бирж”-ийн арилжааны цахим системд 270 гаруй худалдан авагч бүртгэлтэй байгаагийн 90 гаруй хувийг БНХАУ-ынх эзэлж, бусад худалдан авагч нар нь Казахстан, Хонконг болон БНСУ-ынх байна. Зэсийн баяжмалыг  биржээр арилжиж эхэлснээр дээрх худалдан авагчдын тоо нэмэгдэх боломжтой билээ.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ЗЭСИЙН ҮНИЙН ЦОЙЛОЛТ

Дэлхийд нийлүүлэлтийн хямрал, эдийн засгийн сэргэлтийн эерэг хүлээлтийн нөлөөгөөр зэс анхаарлын төвд эргэн орж ирэв. Өдгөө зэсийн эрэлтийн хамгийн чухал хэмжүүр гэж болох үйлдвэрлэлийн хэмжээ бараг дэлхий даяар өсөж буй. Хөрөнгө оруулагчид олон төрлийн ашигт малтмал олборлодог том компаниудаас зөвхөн зэсээр дагнасан олборлогчид руу шилжих сонирхолтой байна.

“Goldman Sachs” зэрэг томоохон хөрөнгө оруулалтын банкууд зэсийн үнийн хувьд эерэг хүлээлттэй байна. Тухайлбал, ирэх оны I улирал гэхэд зэсийн үнэ тонн нь 12 мянган ам.доллар буюу шинэ дээд цэгтээ хүрч магадгүй гэж тооцоолжээ.

Тус банкны шинжээчид 2024 оны хоёрдугаар улиралд зэсийн нийлүүлэлтийн томоохон хомсдол бий болсноор зах зээлд спот үнэ нь фьючерс үнээсээ давж, цаашид эрэлт өндөр байх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Мөн тэд зэсийн үнэ 2025 он гэхэд 65 хувиар өснө гэжээ.

“Wood Mackenzie” компанийн судалгаагаар, 2026 оноос зэсийн эрэлт нийлүүлэлтээс давах чиг хандлагатай байгаа ба 2031 он гэхэд эрэлт, нийлүүлэлтийн зөрүү долоо орчим сая тоннд хүрч болзошгүй байгаа аж.

Mining.com-д мэдээлснээр, Лондоны металлын бирж дээр өнгөрсөн Мягмар гаригт орон нутгийн цагаар 16:19 цагт металлын үнэ бага зэрэг өөрчлөгдөж, нэг тонн нь 9,419.50 ам.долларт хүрчээ.

Зэсийн нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, эрэлт эргэн сэргэсэн нь үнийн өсөлтөд голчлон нөлөөлсний зэрэгцээ АНУ-ын голлох макро эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй сайн гарсан нь үнэд нөлөөлсөн байна.

Эх сурвалж: УУХҮЯ, MSE, BLOOMBERG, MINING
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу