УИХ-ын чуулганы Пүрэв гаргийн нэгдсэн хуралдаан эхэлсэн ч нэг цаг завсарлуулсан. Энэ өдрийн хуралдааны хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлэв.

Тэрбээр “УИХ-аар хэлэлцэх чухал асуудал олон байхад гишүүд хуралдаа суухгүйгээс Байнгын хороодын ирц бүрдэхгүй байна. Тэгсэн хэрнээ хүний тойргоор өлмөн зөлмөн царайлаад явах юм. Өвөрхангай аймаг манай аавын нутаг. Сав сааль тараадаг Д.Ганбат гишүүн ирээсэй л гэж бодож хүлээж байгаа байх.

Хоёр асуудлыг анхаарах шаардлагатай байна. С.Зориг агсны асуудал байна. Амь насаа алдаад 26 жил болжээ. Сонгууль дөхөхөөр л эрх баригч нам хэргийг нь илрүүлнэ гэж ярьдаг, гэвч өнөөдрийг хүртэл эцэслэж чадсангүй. Ар гэрийнхэн нь ч хүсдэг, хэргийг нь нууцаас гаргаж, олон улсын мөрдөгч авч ирж, хэргийг нь шалгуулах хэрэгтэй.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан парламентын дэд дарга байсан хүн. Хэн тэр хүнийг тангаргийн буг гэдэг байлаа, хэн тийм нэвтрүүлэг цацдаг байлаа. Энэ хэрэг дээр мөн олон улсын мөрдөгч авч ирж ажиллуулах ёстой. Дараа дараагийн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхгүй гэх баталгаа алга.

Монголын хамгийн том хулгайч нарыг МАН, удирдлага нь ивээлдээ авдаг. Хамгийн том хулгайч нартайгаа тэмцэхгүй байгаа МАН жижиг том авлигачидтайгаа тэмцэхээр нөгөөдүүл нь хэлж байна. Хэдэн арваараа авлигад ороогдсон. Шүүх дээр очоод 40 сая төгрөгөөр л торгуулдаг. Шүүх, хууль хяналтын байгуулага нь дохио зангаагаар ажилладаг.

Хүүхдэд ээлгүй Засгийн газар, харанхуй засаг. 2017 онд бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллэл үйлдэхийг өөгшүүлсэн хууль баталсан. Үүнээс болж, 12, 13 настай хүүхдийн амь насыг бүрэлгэдэг, хүчирхийлдэг хэрэг удаа дараа гарч байна.

Саяхан өөрийгөө хамгаалах чадваргүй, хүүхдийг хамгаалах ёстой цагдаагийн дөрвөн албан хаагч бүтэн жил бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн гэж хэвлэлээр ярьж байна.

Та нарын хүүхдийг ингэвэл яах вэ. Яасан хүйтэн хөндий сэтгэлтэй муухай хүмүүс вэ. Ийм засаг төр, парламент байж болохгүй. Засгийн газар өчигдөр хуралдлаа. Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргах болов уу гэтэл тэгсэнгүй. Хэрэв Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорвол ийм гэмт хэрэг гарахгүй.

Үүний дараа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр гишүүдээс санал хураахад 60 гаруй хувь нь “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу