Азийн хөгжлийн банк (АХБ) жил бүр эрхлэн гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн тайлангийн энэ оны шинэ дугаараа танилцууллаа. Энэхүү танилцуулгыг Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шэннон Коулин, Ахлах эдийн засагч Эдуард Фабер нар хийв.

Азийн хөгжлийн банкнаас бүс нутгийн эдийн засаг 2024, 2025 онд 4.9 хувиар өснө хэмээн таамаглаж, мөн инфляцын эрч суларсан хэвээр, цаашид буурах төлөвтэй байна гэж тооцжээ. Эрчим хүчний, хүнсний болон суурь инфляц буурсаар, цар тахлын өмнөх дундаж түвшинд дөхөж очих төлөвтэй байгаа аж.

Азийн хөгжлийн банкны Ахлах эдийн засагч Эдуард Фабер хэлэхдээ “Хөгжиж буй Ази 2023 онд дотоодын эрэлт нэмэгдсэнээс үүдэн 5.0 хувийн өсөлтөө хадгалж чадсан. Бүс нутгийн өсөлт 2024, 2025 онуудад 4.9 хувь байх төлөвтэй байна. Бүс нутгийн инфляц 2023 онд 3.3 хувь байсан бол аажмаар буурч, 2024 онд 3.2 хувь, 2025 онд 3.0 хувь болох төлөвтэй байна” гэв.

Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал

2023 онд Монгол Улсын эдийн засаг 7 хувийн тогтвортой өсөлт үзүүлсэн. 2023 онд төлбөрийн урсгал тэнцэл болон төсвийн тэнцэл ашигтай гарснаар макро эдийн засгийн орчин сайжирсан. Гадаад валютын улсын нөөц нэмэгдсэн. Инфляц буурч, мөн улсын өр буурч байгааг тэмдэглэв.

Уул уурхайн салбарын эерэг нөлөөнөөс үүдэн эдийн засгийн өсөлт 2024 онд 4.1 хувь, 2025 онд 6.0 хувь өсөх төлөвтэй байна гэж таамаглажээ. Мөн энэ онд зуд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгааг ч дурдлаа.

Инфляц 2024 онд 7.0 хувь, 2025 онд 6.8 хувь хүртэл буурах хэдий ч эрчимтэй өсөлт, хөдөө аж ахуйн салбарын сорилтоос үүдэн өндөр хэвээр байх нь. Эдийн засгийн төсөөлөлд нөлөөлөх эрсдэл тэнцвэртэй байна гээд, зуд, БНХАУ руу хийх нүүрсний борлуулалт, түүхий эдийн үнэ, Оюу толгой”-н тэлэлт зэргийг дурдав.

Эдуард Фабер “Уул уурхайн үйл ажиллагаа өргөжин, үйлчилгээний салбарт дам нөлөө үзүүлснээр ДНБ-ий өсөлт 2023 онд эрс нэмэгдсэн. Цэвэр экспорт болон хувийн хэрэглээ нь өсөлтийн гол хөшүүрэг болсон.

Хэрэглээний үнийн өсөлт багассан ч өндөр хэвээр, төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтвортой байна. Мөн урсгал данс 2007 оноос хойш анх удаа ашигтай гарсан, экспорт эрс нэмэгдсэнээр валютын нөөц сэргэсэн. 2023 онд төсвийн тэнцэл ашигтай гарсан. Засгийн газрын өр буурсан. Зээлийн болон ерөнхий мөнгөний нийлүүлэлт өссөн” гэлээ.

2024, 2025 оны эдийн засгийн төлөв

Уул уурхайн дэмжлэгтэйгээр 2024, 2025 онд эдийн засгийн өсөлт тогтвортой байх ба инфляц буурах боловч өндөр үзүүлэлттэй хэвээр байна гэж тооцоолжээ.

ДНБ-ий өсөлт 2024 онд 4.1 хувь, 2025 онд 6.0 хувьтай байх бол инфляц 2024 онд 7.0 хувь, 2025 онд 6.8 хувь болж буурна гэж төсөөлсөн байна. Гэвч зуд, эдийн засгийн хурдтай өсөлтөөс үүдэн инфляц өндөр хэвээр байх нь.

Импорт нэмэгдэхийн хэрээр урсгал данс алдагдал хүлээх боловч 2025 онд экспорт нэмэгдэхийн хэрээр алдагдал багасах төлөвтэй байгаа аж. Төлөвт учрах эсрдэл холимог, тэнцвэртэй байна гэж тооцжээ. Тухайлбал, зуд, БНХАУ руу хийх нүүрсний борлуулалт, түүхий эдийн үнэ, “Оюу толгой”-н тэлэлт зэргийг дурдав.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу