Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү, Архангай аймаг дахь референт С.Мөнхзаяа нар Баруун болон Хангайн бүс дэх хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймгуудад хүний эрхийг хангах, хамгаалах, дэмжих чиглэлд тодорхой ахиц дэвшил гарч байгаа аж. Тухайлбал, Хөвсгөл аймаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” байгуулсан бол Архангай аймаг 2024 ашиглалтад оруулахаар ажиллаж буй юм байна.

Хөвсгөл, Архангай, Орхон, Булган, Баянхонгор зэрэг аймаг “Эрчүүдийн кабинет” байгуулж, мэргэжлийн эмч бэлтгэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа ажээ

НИЙТ 170 ИРГЭНД 1.448 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ,
5000 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖЭЭ
 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бүсийн хэмжээнд 170 иргэнд 1.448 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, 5000 ажлын байр бий болгосон байна. Үүнд:

⦁    Архангай аймаг 17 иргэнд 104 сая,
⦁    Хөвсгөл аймаг 32 иргэнд 192 сая,
⦁    Баянхонгор аймаг 55 иргэнд 196 сая,
⦁    Булган аймаг 38 иргэнд 676 сая,
⦁    Орхон аймаг 28 иргэнд 280 сая төгрөгийн дэмжлэг тус тус үзүүлжээ.

Хэдийгээр хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлд аймаг орон нутгийн зүгээс идэвх санаачилгатай ажиллаж байгаа ч Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймгууд хүний эрхийн дараах асуудалд анхаарах шаардлагатай байгааг анхааруулав. Үүнд:

Хангайн бүсийн аймгуудын хувьд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх буюу агаар, орчны бохирдол, хүүхдийн сурч боловсрох эрх буюу сургуулийн дотуур байрны хүрэлцээ, түүний орчин нөхцөл, мал бүхий иргэд, туслах малчин болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчин, тэдний хөдөлмөрлөх, сурч боловсрох эрхийн асуудал нэн тулгамдаж байгаа аж.

Хангайн бүсийн аймгийн төвүүдэд ашиглаж буй уурын зуух, тээврийн хэрэгсэл, гэр хорооллын айл өрхийн ахуйн халаалтын зуухны утаа, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй цагаан тоосжилт зэрэг нь агаарын бохирдол нэмэгдэх шалтгаан болохын зэрэгцээ зарим аймагт ундны цэвэр усны хангамж тулгамдсан асуудал болжээ. Тухайлбал,

Хөвсгөл аймгийн Ренчинлхүм, Цагааннуур суманд ундны цэвэр усны худаггүйн улмаас иргэд нуурын усаар ундаалж буй нь цэвэр усаар хангагдах эрх зөрчигдөх шалтгаан болж болсон байна. Мөн Өвөрхангай, Баянхонгор, Орхон аймагт хүхэрлэг хийн хэмжээ MNS4585:2016 стандартаас 1.2-2.5 дахин их байгаа ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу