ХАМАС-ын удирдагч Исмаил Ханиягийн гурван хүү, дөрвөн ач, зээ Газын зурвасын хойд хэсэгт Израилийн агаарын дайралтад өртөн амиа алджээ. Үүний дараа тус бүлэглэлийн төлөөлөгч “Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху гал зогсоох хэлэлцээг “сөрлөө” гэж буруутгасан байна.

ХАМАС бүлэглэлтэй хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд исламист бүлэглэлийн удирдагчдын хүүхдүүдийн сууж явсан машин Газа хотын ойролцоох Аль-Шати хуаранд бөмбөгдөлтөд өртсөн тухай мэдээлжээ. Ханиягийн хүүхдүүд, ач зээ нар Рамадан сарын төгсгөлд тэмдэглэдэг Ид аль-Фитр баяраа тэмдэглэн, төрөл садныдаа зочлохоор явж байсан аж.

ХАМАС бүлэглэлийн удирдагч Катарын нийслэл Доха хотод эмчлүүлэхээр хүргэгдсэн палестинчуудтай уулзах үеэрээ дээрх мэдээг сонссон байна. Тэрбээр “Гал зогсоох хэлэлцээрийн оргил үед миний хөвгүүдийг онилох нь ХАМАС-ыг байр сууриа өөрчлөхөд түлхэц болно гэж үзэж байгаа бол дайсан эндүүрч байна” хэмээн мэдэгджээ.

Израилийн тал Ханиягийн хөвгүүдийг онилсноо хүлээн зөвшөөрч, тэднийг ХАМАС бүлэглэлийн цэргийн жигүүрийн гишүүд байсан гэж мэдэгдсэн байна.

“Al Jazeera”-д мэдээлснээр, Газын оршин суугчид өлсгөлөнгийн байдалтай, Ид аль-Фитр (Рамаданы төгсгөлд болдог) баяраа чимээгүйхэн тэмдэглэжээ. Учир нь Израиль хүнс хүргэх замуудыг хааж, үхлийн аюултай агаарын дайралт хийсээр байгаатай холбоотой аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Газын зурвасын дайны талаар байр сууриа илэрхийлэхдээ Газад үргэлжилж буй цэргийн ажиллагааг “алдаа” хэмээн хатуухан шүүмжилсний зэрэгцээ Израильд “гал зогсоох”-ыг уриалсан билээ.

Израилийн зэвсэгт хүчин Газын зурвас руу өнгөрсөн 2023 оны аравдугаар сарын 7-ны өдрөөс хойш дайралт хийж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 33.482 палестин амь үрэгдэж, 76.049 хүн шархаджээ.

ХАМАС бүлэглэлийн аравдугаар сарын 7-ны өдрийн халдлагын улмаас Израильд амь үрэгдэгсдийн тоо 1139 болж, олон арван хүн олзлогдоод байгаа билээ.

 

Эх сурвалж: AL JAZEERA, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу