АНУ-ын Элчин сайдын яамнаас бүх виз мэдүүлэгч, ялангуяа бага насны хүүхдүүд ярилцлагын цаг заавал товлох шаардлагатай болсон талаар мэдээлэв. Тодруулбал, 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүх виз мэдүүлэгч заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ.

Үүнд 14-өөс доош насны хүүхдүүд хамаарах бөгөөд ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг тус Элчин сайдын яам хүлээн авахгүй юм байна.

Хэдийгээр 14-өөс доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй ч визийн мэдүүлгээ өгөхдөө заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байх ёстой аж. Зарим тохиолдолд консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтойг анхааруулав.

Энэхүү шинэ журам 2024 оны тавдугаар сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг ,эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчлэх юм байна.

Уг журмын дагуу хэрхэн виз мэдүүлэх дэлгэрэнгүй зааварчилгаа хүргэв.

14 болон түүнээс доош эсвэл 80 болон түүнээс дээш настай виз мэдүүлэгчид

Бичиг баримтаа өгөх процесс нь Ярилцлагагүйгээр Виз Мэдүүлэх журмаар солигдсон болно.

14 болон түүнээс доош насны хүүхэд эцэг эхтэйгээ хамт виз мэдүүлж байгаа тохиолдолд:
13 болон түүнээс доош насны хүүхэд эцэг, эхтэйгээ виз мэдүүлж байгаа тохиолдолд эцэг, эх нь визийн ярилцлагад ирэхдээ хүүхдийнхээ DS-160 маягтын баталгаажуулах хуудас, визийн хураамж төлсөн баримт, хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбарыг авч ирэх шаардлагатай. Ярилцлагын цаг товлохдоо хүүхдийн мэдээллийг эцэг эх нь өөрийн профайл дээрээ “Dependent” буюу дагалдан явагчаар нэмж оруулах хэрэгтэй.

Энэ тохиолдолд хүүхэддээ тусад нь цаг товлох шаардлагагүй.

14 болон түүнээс доош насны хүүхэд АНХ УДАА виз мэдүүлж байгаа тохиолдолд:

Анх удаа цагаачлалын бус виз мэдүүлж байгаа 14 болон түүнээс доош насны бүх хүүхдийн эцэг эх эсвэл асран хамгаалагч нь биечлэн ирж ярилцлаганд орох шаардлагатай. Энд дарж виз мэдүүлэх зааварчилгааг үзнэ үү.

14 болон түүнээс доош насны хүүхэд өмнө нь визтэй байсан эсвэл хүчинтэй хугацаа нь хараахан дуусаагүй визтэй тохиолдолд:

Хүчинтэй хугацаа нь дуусаад удаагүй (сүүлийн 48 сарын дотор дууссан) визээ шинэчлэх хүсэлтэй 14 болон түүнээс доош насны виз мэдүүлэгчид Ярилцлагагүйгээр Виз Мэдүүлэх Хөтөлбөрөөр дамжуулан виз мэдүүлэх боломжтой. Хэрэв эцэг эхтэйгээ хамт виз мэдүүлж байгаа бол эцэг эх нь ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлохдоо хүүхдийнхээ мэдээллийг өөрийн профайл дээрээ “Dependent” буюу дагалдан явагчаар нэмж оруулсан байх хэрэгтэй.

80 болон түүнээс дээш насны виз мэдүүлэгчид:

80 болон түүнээс дээш насны виз мэдүүлэгчид Ярилцлагагүйгээр Виз Мэдүүлэх Хөтөлбөрөөр дамжуулан виз мэдүүлэх боломжтой.

Ярилцлагагүйгээр Виз Мэдүүлэх Хөтөлбөр нь виз олгогдоно гэсэн баталгаа өгдөггүй. Визийн мэдүүлгийг судалж үзсэний үндсэн дээр Консулын Хэлтэс тухайн виз мэдүүлэгчийг (эсвэл эцэг эхийг нь) цагаачлалын бус визийн ярилцлаганд биечлэн ирэхийг шаардах боломжтой.

Насанд хүрээгүй зорчигчид:

Хүүхэд барьцаалах болон хүчирхийлэх тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбогдуулан, АНУ-ын Гааль, Хил Хамгаалах Албаны  зөвлөж байгаагаар хүүхдийн эцэг эх хоёрын зөвхөн аль нэг нь эсвэл асран хамгаалагч авч яваа тохиолдолд тухайн насанд хүрэгч нь эцэг эх хоёрын аль нэгээс нь эсвэл хоёулангаас нь зөвшөөрлийн бичиг авч явах хэрэгтэй.

Уг бичигт “Миний хүү/охиныг нөхөр/эхнэр/өөр бусад хүн гадаад улс руу авч явж байгааг мэдэж байгаа бөгөөд надаас зөвшөөрөл авсан” гэсэн үг оруулан Англи хэл дээр бэлтгэж, нотариатаар баталгаажуулна.

АНУ-д байх хугацаанд эрүүл мэндийн яаралтай тусламж шаардагдах урьдчилан таамаглашгүй нөхцөл байдал гарсан тохиолдолд холбогдох итгэмжлэлийг эцэг эхийн зүгээс түр хугацааны асран хамгаалагчид гарган өгөх боломжтой.

Хэрэв хууль ёсны эрх бүхий хоёрдогч асран хамгаалагч (нас барсан, өрх толгойлсон эцэг эх гэх мэт) байхгүй бол шүүхийн шийдвэр, зөвхөн нэг асран хамгаалагчийн нэртэй төрсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээ гэх мэт бусад баримт бичгүүд хэрэгтэй байж болох юм.


“14 БОЛОН ТҮҮНЭЭС ДООШ НАСНЫ ХҮҮХДҮҮД ЦАГААЧЛАЛЫН БУС ВИЗ МЭДҮҮЛЭХИЙН ТУЛД ЯРИЛЦЛАГАД БИЕЭР ИРЭХ ШААРДЛАГАГҮЙ”

-Хүүхэд виз авах шаардлагатай юу?

-Бүх зорчигчид, хүүхдүүд мөн адил, Америкийн Нэгдсэн Улс руу зорчихын тулд виз авах эсвэл Визгүй Зорчих Хөтөлбөрт хамрагдах ёстой.

-Хүүхдүүд насанд хүрсэн хүнтэй адил хэмжээний визийн мэдүүлгийн хураамж төлөх ёстой юу?

-Тийм.

-Хүүхдүүд ярилцлагын цаг товлох ёстой юу?

-Ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн шалгуур хангаж байгаа хүүхдүүд ярилцлагагүйгээр виз мэдүүлэх зааврын дагуу виз мэдүүлбэл зохино. Ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн шалгуур хангахгүй хүүхдүүдийг эцэг эх нь өөрийн профайл дээрээ “Dependent” буюу дагалдан явагчаар нэмж заавал хамт ярилцлагын цаг товлох шаардлагатай. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

-Ярилцлаганд хүүхдүүд өөрийн биеэр ирэх ёстой юу?

-14 болон түүнээс доош насны хүүхдүүд цагаачлалын бус виз мэдүүлэхийн тулд ярилцлагад биеэр ирэх шаардлагагүй.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу