“Хэрвээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Америкийн удирдагч асан Дональд Трампыг Украинд айлчлахыг урьсан бол тэр татгалзах байсан” гэж CNN агентлаг Трампын сонгуулийн штабын мэдээллээс иш татан мэдээлжээ.

Америкийн удирдагч асны төлөөлөгч CNN-д ярилцлага өгөхдөө “Трамп Зеленскийтэй огт холбоо бариагүй бөгөөд одоо урилаа гэхэд “АНУ-ын ерөнхий командлагч биш учраас Украин руу явах нь зохисгүй гэж хэлсэн” хэмээн ярьжээ.

Украины удирдагч CNN-д “Хэрэв боломжтой бол, мөргөлдөөнийг шийдвэрлэх талаар Трампын санаа бодлыг маш их баяртайгаар сонсох болно” гэж ярьсан байна.

“Вашингтон Пост” сонин өмнө нь эх сурвалжийн мэдээллээс иш татан, Трамп сонгуульд ялбал Украин Оросын мөргөлдөөнийг нэн даруй зогсооно гэж хэлсэн талаар мэдээлж байв.  Нийтлэлд тэмдэглэснээр, Бүгд найрамдах намынхан “Украиныг газар нутгийнхаа нэг хэсгийг өгөх шахалт үзүүлэх” бодолтой байжээ.

Тус сонины эх сурвалж “Трампын санал бол Крым болон Донбассын хилийн бүс нутгийг Орост өгөхийг Украинд тулгах явдал юм” гэж мэдээлсэн байна. Гэвч улс төрчийн сонгуулийн штабын зөвлөх Жейсон Миллер хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан энэхүү мэдээлэл нь худлаа болохыг мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өнгөрсөн нэгдүгээр сард сэтгүүлчидтэй уулзахдаа “Оросын тал “Украины мөргөлдөөнийг даруй шийдвэрлэх тухай Трампын сонгуулийн амлалт” хэрхэн хэрэгжихийг мэдэхгүй, энэ талаар бидэнд ямар ч мэдээлэл байхгүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу