УИХ-ын чуулганы өнөөдөр (2024.04.12)-ийн нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулиас “газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх” заалтыг хасах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн баталлаа. Тодруулбал, Иргэн Нямжавын Номун-Эрдэнэ D-Parliament нийтийн өргөдлийн цахим хуудаст “Гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглуулж, эзэмшүүлэх хуулийн заалтыг цуцлах” өргөдөл байршуулсан. Уг өргөдлийг дэмжсэн хүний тоо 100 мянгыг давсан билээ.

Иймд хяналт шалгалт, шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд хуулийн төсөл боловсруулан, УИХ-д өргөн барихаа УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын гишүүд Хөрөнгө оруулалтын тухай хуулиас эл заалтыг хасах хуулийн төслийг өргөн барьж, өнөөдөр уг хуулийн төслийг УИХ эцэслэн баталлаа. 

Хуулийн төсөл батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсныг үүгээр мэдэгдэж байна. 100 мянган иргэний санал Монгол Улсын түүхэнд анх удаа хууль болж батлагдлаа. Хуульд өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасан иргэн Н.Номун-Эрдэнэ болон саналаа өгсөн 100 мянган иргэнд баяр хүргэе. 

Төрийн эрх барих байгууллага ард түмнээсээ хол хөндий байна гэдэг шүүмжлэл байсан бол энэ байдал өөрчлөгдөж байна. Энэ бол жирийн иргэн саналаа өгснөөр хууль батлагдаж байгаагийн, ардчилсан цахим парламент хөгжиж байгаагийн тод жишээ боллоо” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу