Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой асуудлаар улс төрч, хуульч, судлаачид өнөөдөр (2024.04.12) олон нийтэд мэдээлэл хийлээ.
Тэд “МАНАН бүлэглэл ардчиллын амин сүнс болсон үнэт зүйлсийг үгүй хийж байгаа тул өнгөрсөн хугацаанд юу болов гэдгийг эргэн сануулах зорилгоор хэвлэлийн хурал хийж байна” гэлээ.
Мөн тэд шүүх, хууль хяналтын байгууллага улс төрчдийн хараат болж байсан түүх давтагдаж, нийгэмд ардчиллын үнэт зүйлсийг үгүй хийх боллоо хэмээн тодотгосон юм.
Хуульч П.Баттөр “Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хэлбэрээр Үндсэн хууль зөрчиж байсан хүн бол Ц.Элбэгдорж. Мөн долоодугаар сарын 1-ний үймээнийг зохион байгуулсан хүн. МАНАН гэдэг бол өөрсдийн санааг оруулах зорилгоор хөндөж ирсэн. Хуулиа хүндэтгэдэг ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулсан цаг үеийг мартаж болохгүй
Ц.Элбэгдорж одоо л ардчиллыг хамгаалж байгаа цагаан тагтаа шиг харагдаж байгаа боловч одоог хүртэл бий болсон авлигын бүх сүлжээ, бүлэглэлийг угсарч бий болгосон хүн. Монголыг дэлхийд муухай харагдуулсан хүн шүү дээ. 
Хууль хяналтын байгууллага бие даасан байх ёстой. Шүүнэ гэдэг ганцхан шүүхийн асуудал биш, прокурор, мөрдөн шалгах, хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажил. Гэтэл Ц.Элбэгдоржийн угсарсан МАНАН бүлэглэлийн хамгийн гол ажлыг гүйцэтгэж байсан прокурор Д.Дорлигжавыг хууль зөрчиж томилсныг иргэд одоо мартсан байх. Өмнө нь ажилласан ерөнхий прокуророос ажлаас гарах өргөдлийг нь авч байгаад, оронд нь томилсон.
Прокурор арван жилийн турш хуулийн салбарт ажилласан мэдлэгтэй байх ёстой. Гэтэл Д.Дорлигжав арван сар ч хуулийн салбарт ажиллаж үзээгүй. Ингээд хууль бусаар ерөнхий прокуророо томилж байгаад, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлдаг, бусдыг хорьдог, цагддаг болсон.
Эндээс хууль хяналтын байгууллага улс төрчдийн захиалгаар ажилласан нь тодорхой болж байна. Хууль хяналтын байгууллагыг ямар нэгэн улс төрч гартаа авч байна гэдэг нь ард түмний мэдэх, шударга байх эрхийг боомилж байна гэсэн үг” гэсэн юм. 
Хэвлэлийн хурлын төгсгөлд төлөөлөгчид хууль хяналтын байгууллагуудад хандан улс төрчдөөс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж, эрх чөлөөгөө хамгаалахыг уриалсан юм. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу