Хо Ши Мин хотын шүүх өдгөө 67 настай, Вьетнамын бизнесмен эмэгтэй Труонг Май Ланыг 11 жилийн хугацаанд Вьетнамын томоохон банкуудын нэгийг дээрэмдсэн хэрэгт гэм буруутайд тооцож, цаазаар авах ял оноожээ.

“Van Thinh Phat” хэмээх томоохон компанийн тэргүүн тэрбээр Вьетнамд санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, цаазаар авах ял сонссон цөөхөн эмэгтэйчүүдийн нэг болсон байна.

Түүний луйврын хэргийн цар хүрээ урьд өмнө хэзээ ч байгаагүй том байсан аж. Труонг Май Лан арилжааны “Saigon Commercial Bank”-наас 304 их наяд донг (12.5 тэрбум доллар)-ын зээл авсан хэрэгт буруутай нь тогтоогджээ.

Гэвч тэрбээр авсан зээлээ буцаан төлөөгүй, мөн банкны хувьцааны 90 орчим хувийг хууль бусаар шилжүүлэн авч, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг олон гэмт хэрэг үйлдсэн байна.

Түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээг 27 тэрбум ам.доллар гэж тооцож байгаа бөгөөд шүүхийн шийдвэрээр мөнгийг бүхэлд нь буцааж өгөх үүрэг хүлээлгэсэн ч яллагч тал үүнийг “бараг боломжгүй” гэж үзсэн байна.

Прокурорын хэлснээр, Хонконгийн баян бизнесмений эхнэр Труонг Май Ланд холбогдох, “Saigon Commercial Bank”-ны 90 хувийг хууль бусаар авахдаа 42 мянга орчим иргэнийг луйвардсан хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа аж.

Ланыг баривчлагдсанаас хойш дээрх банкны бүх бонд эзэмшигч мөнгөө, хүү болон үндсэн төлбөрөө авч чадахгүйд хүрсэн тул түүнийг луйвар хийсэн гэж цагдаад хандсан байна.

Труонг Май Лан буруугаа хүлээгээгүй бөгөөд зөвхөн доод албан тушаалтнуудаа буруутгажээ. Ланы гэр бүлийн гишүүдийн нэг шүүхийн шийдвэрийг давж заалдах бодолтой байгаа талаараа “Reuters” агентлагт ярьжээ.

Вьетнамын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү луйврын хэргийн талаар хангалттай сайн мэдээлж байгаа аж. Тэдний мэдээлснээр, уг хэрэгт 2700 хүн мэдүүлэг өгч, шүүх хуралд 10 улсын яллагч, 200 орчим өмгөөлөгч оролцжээ.

Ланд холбогдох хэргийг шалгах явцад нийт 6 тонн жинтэй, 104 хайрцаг нотлох баримт цугларсан байна. Труонг Май Лантай хамт өөр 85 хүн шүүгдэж байгаа ажээ.

Тус улсын эрх баригчид Лан болон дээрх банкны ажилтнууд Вьетнамын албан тушаалтнуудад хууль бус үйлдлүүдээ нуун дарагдуулахын тулд 5.2 сая ам.долларын хахууль өгсөн” гэж мэдээлжээ. Улмаар өдгөө тус банкны санхүүгийн байдал маш муу байгаа бөгөөд Вьетнамын түүхэн дэх хамгийн том хахуулийн хэрэг болсон талаар мэдэгдсэн байна.

Шүүх хурлын үеэр Вьетнамын Төрийн банкны шалгалтын багийн ахлагч асан До Ти Нханх хайрцагт байсан мөнгийг банкны гүйцэтгэх захирал асан Во Тан Ван өгсөн” гэж мэдэгджээ. Мөнгө байгааг мэдэж байсан тул Нхан хайрцгийг авахаас татгалзсан ч Ван буцааж авахгүй гэсэн аж.

Труонг Май Ланд холбогдох хэргийн шүүх хурал гуравдугаар сарын 5-нд эхэлж, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө дуусчээ. Энэ хэрэгт холбогдсон банкны удирдлагууд болон Вьетнамын төв банкны албан тушаалтанд бүх насаар нь хорих ял оноожээ. Труонг Май Ланы нөхөр Эрик Чуд есөн жил, Чуон Хуэ Ванд 17 жил хоригдох ял тус тус оноосон байна.

Труонг Май Лан гэж хэн бэ

Тэрбээр Хо Ши Мин хотод амьдардаг, Хятад-Вьетнам гэр бүлээс гаралтай. Лан ээжтэйгээ хамт гоо сайхны бараа зарж, захын худалдаа эрхэлж эхэлжээ. 1986 онд Коммунист нам эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлсний дараа газар, үл хөдлөх хөрөнгө худалдаж авч эхэлсэн байна. 1990-ээд он гэхэд тэрбээр хэд хэдэн зочид буудал, рестораны эзэмшигч болсон байжээ.

Вьетнам улс хурдацтай хөгжиж буй үйлдвэрлэлийн салбараараа алдартай ч ихэнх чинээлэг вьетнамчууд барилга, үл хөдлөх хөрөнгийн наймаагаар хөлждөг аж.

Тус улсын бүх газар албан ёсоор төрийн мэдэлд байдаг. Үүнд нэвтрэх эрх нь албан тушаалтнуудтай харилцах харилцаанаас ихээхэн хамаардаг аж. Эдийн засаг өсөхийн хэрээр авлига даамжирч, таслан зогсооход хүндрэлтэй болжээ.

Труонг Май Лан 2011 онд Хо Ши Мин хотын нөлөө бүхий иргэнээр нэрлэгдэж, бэлэн мөнгөний хомсдолд орсон гурван жижиг банкийг нэгтгэн, “Saigon Commercial Bank” болгон өөрчлөх ажлыг зохион байгуулах зөвшөөрөл авсан байна.

Вьетнамын хуулиар хувь хүн аливаа банкны хувьцааны 5 хувиас дээш хувийг эзэмшихийг хориглодог аж. Гэвч прокурорууд олон зуун компани, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Труонг Май Лан “Saigon Commercial Bank”-ны нийт хувьцааны 90 гаруй хувийг эзэмшдэг болсон талаар мэдэгджээ.

Ланыг эрх мэдлээ урвуулан ашиглажн, өөрийн хүмүүсийг менежерээр томилсон хэрэгт мөн буруутгасан бөгөөд тэд түүний хяналтад байдаг бүрхүүл компани (тусгай зориулалтын худалдан авалтын компанийг азиуд бүрхүүл компани гэж тодорхойлох ба хөрөнгө оруулагчдыг нь ивээн тэтгэгч гэж нэрлэдэг байна. орч)-иудын сүлжээнд олон зуун зээл олгохыг зөвшөөрсөн аж.

Прокурорын мэдээлснээр, банкны нийт зээлийн 93 хувийг Ланын зээл эзэлж байжээ. Прокурор “Лан 2019 оны хоёрдугаар сараас эхлэн гурван жилийн хугацаанд жолоочдоо банкнаас 108 их наяд донг (4 тэрбум гаруй доллар) бэлнээр авч өгч, хонгилд хадгалахыг тушаасан” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: SOVA NEWS, THE TIMES
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу