Японы бейсболын дээд лигийн од Шохей Охтанигийн орчуулагч асныг Пүрэв гарагт банк залилан мэхэлж, “Лос Анжелес Дожерс” багаас зарласан бооцоот тоглоомын өрийг дарахын тулд тамирчны данснаас 16 сая ам.доллар хулгайлсан хэрэгт буруутгажээ.

Лос Анжелес дахь АНУ-ын дүүргийн шүүхэд гаргасан 36 хуудас бүхий гэмт хэргийн гомдол, мэдүүлгийн дагуу шалгахад Иппэй Мизухара нь Охтанид мэдэгдэлгүйгээр данснаас нь мөнгө завшиж, спортын хууль бус мөрийтэй тоглоомын газар руу илгээсэн  нь тогтоогдсон байна.

АНУ-ын хуульч Э.Мартин Эстрада хэвлэлийн бага хурал дээр мөрдөн байцаалтын үр дүнгийн талаар мэдээлэхдээ “Энэ улиралд Дожерстой нэгдэх 700 сая ам.долларын 10 жилийн гэрээнд гарын үсэг зурсан Охтани буруутай үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж хэлжээ.

Эстрада “Би нэг зүйлийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Ноён Охтани энэ хэргийн хохирогч болсон. Тэрбээр өөрийн данснаас букмейкерийн газрууд руу 16 сая гаруй ам.доллар шилжүүлэхийг зөвшөөрсөн гэх нотлох баримт байхгүй” гэж хэлсэн байна.

Өдгөө 29 настай Охтани өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд хандан, өөрийгөө Мизухарагийн хулгайн хэрэгт өртсөн хохирогч гээд, хэзээ ч бейсболд бооцоо тавьж, бооцооны мөнгө төлж байгаагүйгээ мэдэгджээ.

АНУ-ын прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Том Мрозек “Охтанигийн орчуулагч, өдгөө 39 настай Мизухара Баасан гарагт дээрх хэрэгт гэм буруутайгаа хүлээж, үдээс хойш болох шүүх хуралдаанд оролцохоор болсон” гэж мэдэгдсэн байна. Түүний мэдээлснээр, Мизухара барьцаагаар суллагдах магадлалтай байгаа аж.

Хэрэв Мизухара банк залилсан хэрэгт буруутай нь тогтоогдвол 30 хүртэлх жилийн хорих ял авч магадгүй аж. Мизухарагийн өмгөөлөгч Майкл Фридман өнгөрсөн Пүрэв гарагт “Reuters” агентлагт үйлчлүүлэгч нь энэ хэргийн талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа талаар мэдээлжээ.

Холбооны шүүхийн мэдээлэлд “Мизухара 2021 оны сүүлээс спортын хууль бус мөрийтэй тоглоом тоглож, их хэмжээний мөнгө алдаж эхэлсэн” гэж дурдсан байна. Мөн “Мизухара өр төлбөрөө барагдуулахын тулд “Охтаниг төлөөлж байна” хэмээн удаа дараа банкны ажилчдыг “хууран мэхэлж”, тоглогчийн бейсболын цалингаа байршуулсан данснаас мөнгө шилжүүлж байсан” гэж дурджээ.

Мизухарагийн хувьд Октанитай 2013 онд Японы “Ниппон Хэм Файттерс” багт байхдаа танилцсан бөгөөд түүнийг “Лос Анжелес Анжелс” багт зургаан улирал тоглоход байнгын хамтрагч нь байсан аж. Мизухараг өнгөрсөн гуравдугаар сард орчуулагчийн албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Охтани хэдэн өдрийн дараа буюу гуравдугаар сарын 25-нд болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд “Мизухара өр төлбөрөө барагдуулахдаа миний дансыг ашиглаж байснаа хүлээн зөвшөөрч, урвасандаа “харамсаж, ихэд цочирдсон” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу