Токиогийн их дэлгүүрээс өнгөрсөн Пүрэв гарагт 10 сая иен буюу ойролцоогоор 65 мянган ам.долларын үнэ бүхий цэвэр алтан аяга хулгайд алдагджээ. Цагдаа нар түүнийг авч яваа хүнийг камерын бичлэгээс харж, нэн даруй эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байна.

Нихомбаши дүүрэгт байрладаг Такашимая их дэлгүүрийн наймдугаар давхарт гарсан алтан эдлэлийн үзэсгэлэнгийн үеэр үд дундын орчимд тус алтан аяга алга болсныг дэлгүүрийн ажилтан мэдээд, 15 минутын дараа цагдаад мэдэгдсэн талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлснийг “Kyodo” агентлаг уламжилжээ.

Алга болсон алтан аягыг цоожгүй, тунгалаг хуванцар хайрцагны доор байрлуулсан байжээ.

Үзэсгэлэнгийн танхимын камерын бичлэгт 20-30 насны эрэгтэй өглөөний 11:40 цагийн орчимд аягыг авч, үүргэвчиндээ хийж буй нь бичигдэн үлдсэн аж. Гэмт этгээд нүдний шил зүүсэн, цамц өмссөн байсныг цагдаагийн газраас мэдээлжээ.

“Гранд гоулд” үзэсгэлэнгийн хүрээнд Эдогийн үед (1603-1868) өргөн хэрэглэгдэж байсан, кобан зоос болон бусад алтан олдворуудаар нямбайлан урласан 1000 гаруй бүтээл дэлгэгджээ.

Токиогийн цагдаагийн газраас мэдээлснээр, дээрх үзмэрүүдийн нэг нь 24 каратын алттай, 10.4 сая иен буюу ойролцоогоор 65 мянган ам.долларын үнэ бүхий матча цайны аяга байсан аж.

Токиогийн их дэлгүүрээс “Алдагдсан цайны аягыг цоожлоогүй, дохиолол суурилуулалгүй байрлуулсан байсан” гэж мэдэгдсэн байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид “Хамгаалалтын албаныхан Лхагва гаргаас ирэх долоо хоногийн Даваа гариг ​​хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнг өдөр, шөнөгүй хамгаалж байсан” гэж мэдээлжээ.

Алдагдсан алтан аягыг алтны нэрт дархан Коичи Ишикава бүтээжээ. “Ишикава студи”-ийн гурав дахь үеийн дархан Ишикава Японы Эзэн хаанд бэлэглэх, сүмогийн бөхчүүдэд зориулсан ёслолын аяга зэрэг гоёмсог бүтээлүүд урладгаараа алдартай нэгэн аж. Түүний шагналууд дунд 1988 оны Токио хотын захирагчийн нэрэмжит шагнал хүртэл байдаг байна.

Хулгайлагдсан аяганы хажууд 100 сая гаруй иеийн үнэ бүхий, Японы уламжлалт дэлгэц, 38 сая орчим иений үнэ бүхий, 3000 орчим алтан навчаар чимэглэсэн, 2.1 метр өндөр алтан луугийн дүрс зэрэг чухал үзмэрүүдийг ч дэлгэн тавьсан байжээ. Дээрх хэргийн дараа хамгаалалтыг гойд чангаруулсан байна.

Эх сурвалж: JAPAN TODAY, JAPAN TIMES, KYODO, NEWS ON JAPAN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу