Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр үдээс хойш хүргүүлсэн байна. 

Уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг үндэслэн УИХ-аар хэлэлцэж, ажлын таван өдрийн дотор шийдвэрлэнэ.  

Дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар “Прокуророос хүсэлт ирвэл ажлын тав хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ. Энэ зөвхөн хувь хүний биш ард түмний элч төлөөлөгчийн мандатын асуудал ярьж байгаа учраас маш хариуцлагатай хандана” хэмээн байр сууриа илэрхийлээд буй. 

Сануулахад, өнгөрөгч гуравдугаар сарын 14-нд Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн билээ.

Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн “Нэр бүхий УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад зарим гишүүний бүрэн эрхийн асуудлыг хөндөх шаардлагатай болж байна.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь саад болж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Прокурорын байгууллагад хүргүүлж байна” хэмээн ярьж байв. 

Үүний дараа тус хүсэлтийг гуравдугаар сарын 22-нд Улсын Ерөнхий прокурор хүлээж авснаа мэдэгдэж, хүсэлттэй танилцаж байна хэмээн мэдээлж байсан юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу