МУСТА, дуучин П.Түдэвдоржтой ярилцлаа. Уншигч та бүхэн түүнийг “Чамайг тойрон эргэлдэнэ” дууг дахин амилуулснаар нь илүү сайн мэдэх биз ээ. Олон хүн түүнээс хэрхэн дуулж сурах талаар асууснаар тэр “Зөв дуулах” сургалтын төв нээжээ. Түүний сургалтын төвд солгой хоолойтой хүмүүс хүртэл явж, уянгалаг сайхан дуулж сураад гардаг байна.

-ГЭГЭЭЛЭГ, САЙХАН СЭДЭВТЭЙ ДУУ ДУУЛЖ ЯВАХЫГ ЭРМЭЛЗДЭГ-

                   

-2011 онд Монгол туургатны “Дууны их наадам”-д тэргүүн байр эзэлснээс нь хойш мэдэх юм байна. Та багаасаа л тэмцээн уралдаанд оролцдог, дуулдаг байв уу?

-Цэцэрлэгт байхаасаа л дуулдаг байсан юм. Найр наадам, цагаан сар бүрээр ах, дүү нар хөөргөөд дуулуулдаг. Тухайн үед хүүхэд байсан болохоор учраа мэдэхгүй дуулаад явдаг байж. Гоё байна гэхээр нь гүрээний судас нь гүрдийгээд улам л чанга хашхирдаг байлаа. Ахлах ангид орж, жаахан учир мэддэг болоод дуулах сонирхол илүү нэмэгдсэн. 

17-р зууны үед манай аавын ээж буюу өндөр эмээгийн маань өвөг дээдэс Гороо Мягмар  гэж тайжийн дуучин хүн байсан юм билээ. Тэр өвөг дээдсийнхээ дуучны удмын тав дахь үеийн хүн нь би.

2011 онд Монгол үндэстний дууны их наадам хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан. Тэр наадамд оролцож, түрүүлсэн. Тэгээд л СУИС-д гавьяат Ц.Ерөө багшийнхаа удирдлага дор суралцаж, төгссөн. Тэр цагаас хойш уран бүтээл туурвиад явж байна. 

-Та дуу дуулахаар ямар мэдрэмж авдаг юм бэ. Таныг юу татаж, дуучин болгов?

-Дуу бол маш олон төрлийн ач холбогдолтой. Бие физиологи талаас гэвэл сэтгэл санаа сэргээж, цусны эргэлт сайжруулна. Дархлаа сэргээнэ. “Хүн өлссөн үедээ гурван дуу дуулчихвал өлсөх мэдрэмж нь дарагддаг” гэх судалгаа ч бий.

Харин нөгөө талаас дуу дуулна гэдэг бол тэр чигээрээ энерги гаргаж байгаа юм л даа. Тэр энергиэр дамжуулан хүн гэрлэн бүрхүүл, аурагаа эерэг болгож засах боломжтой. Зарим газар ороход байгаад л баймаар тухтай санагддаг бол зарим газарт тогтож өгөхгүй, бушуухан гараад явчихмаар болдог шүү дээ. Тийм газрын энергийг дуу хуураар засаж, залруулах боломжтой. Ингэж боддог учраас би аль болох гэгээлэг сайхан сэдэвтэй дууг дуулахыг эрмэлздэг. Ер нь миний уран бүтээлүүд тийм.

-“ЧАМАЙГ ТОЙРОН ЭРГЭЛДЭНЭ”-ИЙГ СЭРГЭЭЖ ДУУЛАХДАА ЗАЛУУ, ЗОРИГТОЙ БАЙСАН ЮМ БИЛЭЭ. ЭРГЭЭД БОДОХОД ИХ ЭМЭЭДЭГ-

-“Чамайг тойрон эргэлдэнэ”, “Хайр дааж амьдрах хорвоо” гэх мэт олон хүнд хүрсэн сайхан уран бүтээлүүд танд бий. Дууг хүний сэтгэлд хүртэл дуулахад юу хамгийн чухал байдаг бол?

-Дуугаа маш сайн ойлгож, мэдрэх хэрэгтэй. Биднийг ахлах сургуульд байхад уран зохиолын хичээл дээр нэг зохиол өгч уншуулаад, гол агуулгыг нь ярь гэдэг байсан даа. Дуу дуулахдаа яг л ийм маягаар хандах хэрэгтэй. Тухайн яруу найрагч дууны шүлгийг бичихдээ ямар утга агуулгыг хүмүүст ойлгуулахын зорьсон байна гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ингээд ойлгочихвол дараагийн шат нь аялгуу. 

Тухайн шүлэгт хамгийн тохиромжтой аялгууг хөгжмийн зохиолч хийж байгаа. Тэрийг дуучин өөрөө бие сэтгэл, эд эсээрээ мэдрэх хэрэгтэй. Ингэж  чадвал тэр хүн дуундаа орж дуулна. Утга агуулга шингээсэн шүлгийг илүү хүчтэй болгож, амь оруулж байгаа зүйл нь аялгуу юм. Дуу дуулахдаа би яг ийм арга барилаар ажилладаг. 

-“Чамайг тойрон эргэлдэнэ” дууг та яагаад сэргээж дуулахаар болов?

-Хүн бүр л “Чамайг тойрон эргэлдэнэ”-г сонсож, өссөн байх. Анх энэ дууг аав маань надад “Энэ их гоё дуу шүү” гэж хэлж байсан. Тэгээд би 2010 онд фонограммыг нь шинээр хийлгээд, хоолойгоо бичүүлж, сонирхлынхоо дагуу дуулсан юм. Ингээд 2011 онд Монгол туургатны дууны их наадамд оролцохдоо өөрт хамгийн тохирох олон дуунаас “Чамайг тойрон эргэлдэнэ”-ийг сонгож дуулсан.

Тэмцээн дууссаны дараа 2013 онд дууны клипийг хийсэн. Тухайн үед фейсбүүк хэрэглэдэг хүн цөөн, FM-ээр дуу их явуулдаг байсан. Тиймээс FM-ээр цацтал маш их хүнд хүрсэн. “Тэгвэл одоо клипжүүлэх ёстой юм байна” гээд клип хийсэн. Ингэж явсаар 2018 онд “Чамайг тойрон эргэлдэнэ” нэртэй анхны бие даасан тоглолтоо UB palace-ийн концертын их танхимд хийж байлаа. 

-Г.Мөнхбаяр агсны дуулснаар аль хэдийн хүмүүст хүрчихсэн дуу шүү дээ. Сэргээж дуулахдаа эмээж байв уу?

-“Чамайг тойрон эргэлдэнэ” бол маш агуу хайрын тухай дуу. Хамгийн үнэн мөн чанартай зүйл бол байгаль. Бороо орох, цас орох, салхи шуурах гээд бүгд үнэн. Байгалийн тэр үнэн зүйлийг хайртай зүйрлэж, бүсгүй хүний сайхныг бүх талаас нь харуулж бичсэн гайхалтай, дахин давтагдашгүй шүлэг. Тэр агуулгыг өөрийнхөө чинээнд мэдэрч, дуулахыг хичээсэн.

Хуучны дууг сэргээж дуулна гэдэг бол шинэ, залуу уран бүтээлчийн хувьд маш том эрсдэл. Аль хэдийн хүнд хүрчихсэн дууг анхны тэр байдлаас нь дордуулбал амьдаараа үзэн ядагдана шүү дээ. Тухайн үед би тэрийг мэдэхгүйгээр дуулсан байгаа юм. Эргээд бодоход айдас төрдөг. Хуучны дуу сэргээж дуулах гэж байгаа шинэ залуу уран бүтээлчдэдээ хандаж хэлэхэд маш няхуур, судалгаатай хандах хэрэгтэй шүү. 

-“СОЛГОЙ ХООЛОЙТОЙ” ХҮМҮҮС МАНАЙД ИРЭЭД ДУУЛЖ СУРААД ЯВДАГ-

-Зөв дуулах сургалтын төв нээжээ. Хэзээ, яагаад нээхээр болов?

-Ковид гарахаас өмнө хөдөө орон нутгаар аялан тоглолт хийдэг байлаа. Тэр үед тоглолт үзсэн хүмүүс тайзны ард ирээд надаас зөвлөгөө авахыг хүсдэг байсан юм. Би ч зөвлөгөө өгнө гэж юу байх вэ дээ гэж бодоод мэргэжлийн багш нарынхаа утасны дугаарыг өгөөд явуулдаг байлаа. Багш нар маань хөдөө байгаа хүмүүстэй ярина л даа. Гэхдээ уран бүтээлч болохгүй, дуулах сонирхолтой хүмүүст заах хэцүү. Мөн тэр хүмүүс зөвлөгөө, заавар авахаар хотод ирж тэр бүр чадахгүй шүү дээ. Замын зардал, ирээд амьдрах орон байраас эхлээд зардал чирэгдэл маш их гарна. Би энэ талаар бодоод л явдаг байлаа. Гэтэл коронавирус дэгдэж, гэртээ байх болсон. Зав гарсан учир өмнө нь надаас зөвлөгөө авахаар ханддаг байсан хүмүүс рүүгээ хариу өгч эхэлсэн юм.

Дуулахад ерөнхий зарчим бий. Дуулна гэдэг бол тэр чигээрээ амьсгааны урлаг. Авсан амьсгааг авиа болгон хувиргаж гаргахыг дуулах гээд байгаа юм шүү дээ. Хүн бүрт заах зарчим нь ижилхэн учир зөвлөгөөгөө бүгдэд нь нэг дор хүргэчихмээр санагдсан. Тиймээс онлайнаар сургалт явуулахаар шийдсэн юм. 2021 оны зургаадугаар сард хамгийн анхны ангидаа онлайн сургалтаа зааж байлаа. Энэ нь Монголд анх удаа. Тийм болохоор ч тэр үү “Дуулах урлагийг онлайнаар сурна гэж юу байдаг юм” гэх мэтээр хүмүүс шүүмжилсэн. Гэсэн ч манай сургалтад мундаг хүмүүс багшилж байсан учраас тэр шүүмжлэлийг би огт тоогоогүй. 

Тухайлбал, Монгол Улсын гавьяат багш, СУИС-ийн хүндэт доктор, профессор Ц.Ерөө гээд миний багш заадаг байсан. Багшийн шавь нар дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин байна. Баритон хоолойгоор дуурийн урлагт дэлхийн оройд гарчихлаа шүү дээ. Мөн МУГЖ, СУИС-ийн хүндэт доктор, профессор Д.Ганхуяг, СУИС-ийн Хүүхэлдэйн театрын багш, боловсролын тэргүүний ажилтан Ж.Болор-Эрдэнэ, мөн миний бие гэсэн ийм хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр дуулах анхан шатны арга барил, техникийг онолын мэдэгдэхүүнтэйгээр хүргэж эхэлсэн. Сургалт маань амжилттай болж, суралцсан хүмүүс сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

Удалгүй хотод байдаг хүмүүс танхимын сургалт асууж эхэлсэн. Ингээд судалж, өөрийгөө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр танхимын сургалтаа 2023 оны гуравдугаар сарын 1-нд нээсэн юм. Анх МУГЖ Д.Ганхуяг багштайгаа сургалтаа ээлжилж ордог байлаа. Нэг жилийн дараа буюу энэ оны гуравдугаар сард Зайсанд хоёр дахь салбараа нээсэн. 

Манай сургалтын төвийн хамгийн давуу тал нь юу вэ гэхээр нас хүйс, ажил мэргэжил харгалзахгүйгээр хүн бүхэн суралцах боломжтой. Манайд одоогоор 16-75 насны хүмүүс сурч байгаа. Бид хүн бүрт ганцаарчилж ордог. Мөн “солгой хоолойтой” гэж ярьдаг хүмүүсийн хоолойны өнгийг засдаг. Дуулах дуртай, ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй хүмүүст ч заадаг. 

Хүмүүс манайхыг ямар төрөл жанраар заадаг вэ гэж их асуудаг. Бид ямар нэгэн төрөл жанрт баригдахгүйгээр дуулах арга барилыг нь заадаг. Ингэснээр хүн аль ч жанр руу хөрвөх боломжтой.

-Солгой хоолойтой хүнийг засдаг гэлээ. Энэ тухайгаа дэлгэрүүлбэл?

-Биеийн бүтцийн хувьд солгой хоолой гэж байдаггүй. Хүн бүрийн хоолойны бүтэц яг адилхан. Солгой гээд байгаагийн учир нь тэр хүнээс өөр өнгө л гараад байгаа юм. Сонсголын асуудал байгаа гэсэн үг. Тийм сонсгол мэдрэмжийн асуудалтай хүмүүсийг мэргэжлийн багш нар мэргэжлийн дасгал хийлгэсээр зөв дуулж сургадаг. Дууны өнгийг нь зөв таниулчихвал тэр хүн зөв дуулаад сурчихна.

Жишээлбэл, цагаан өнгийг ийм өнгө байдаг гээд бүх хүн хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнтэй адил долоон нот дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдчихсөн шүү дээ. Гэтэл цагаан өнгийг энэ бол ногоон өнгө гэвэл ямар байх вэ. Үүнтэй адил “До” өнгийг дугаргаж байхад солгой хоолойтой хүмүүс “Ми” гэж ойлгоод байгаа юм. Тэр хүмүүст энэ бол “До” шүү гэж сонсголын хувьд итгэн үнэмшүүлнэ. Ингээд тэр хүн зөв дуулж сурна.

-Хүн өөртөө байхгүй зүйлээ илүү хүсдэг. Солгой өнгө гаргаад байгаа хүмүүс дуулах маш их хүсэлтэй байдаг. Даанч эргэн тойрныхон нь “Чи солгой юм байна” гээд хэлчихдэг. Ингээд тэр хүн дарагдаад яваад байгаа юм. Манайд солгой хоолойтой хүмүүс маш их ирж, хөгжмөө тавиад дуулдаг болоод, “Мөрөөдөл минь биеллээ” гэдэг. Түүнээс нь бид маш их урам авдаг.

-Нэг элсэлтдээ хэдэн хүн авдаг вэ?

-Дийлэнх хичээл маань ганцаарчилж ордог. Манай монголчууд их ичимхий. Хүмүүс дунд орохоороо “Намайг юу гэж бодох бол” гээд биеэ бариад байдаг юм билээ. Тийм болохоор ганцаарчилсан сургалт нь илүү тухтай. Нөгөө талаас хүн бүрт тулж ажиллах учраас ганцаарчилж орох нь илүү үр дүнтэй байдаг. 

Ингээд ганцаарчилж орсны дараа бонус байдлаар ангиараа хичээл ордог. Ингэснээр олон хүний өмнө нүүр хагарч, дуулж сурдаг. 

Фэйсбүүк хаяг: МУСТА дуучин Түдэвдорж

Утас: 83116996

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу