Дэлхийн энергийн их төв болох шамбалын хаалга, Хамрын хийдээр хэсэгхэн саатаад ирсэн богинохон тэмдэглэлдээ нэгэн хүнийг дурсаад өнгөрмөөр санагдав. “Өнгөрмөөр” гэсний учир нь цаг агаар болон бусад ажлаар шалтаглан хоромхон уулзсан төдийгөө л бичих болсон учраас тэр юм.

Өнгөрсөн Бямба гарагт Сайншанд хотод хайрын шүлгийн “Оюу-Ай 2024” наадам зохион байгуулагдсан. Нийслэл хотоос тус наадмыг зорин хэсэг нөхдийн хамт жолоо залав. Хэзээнээс л миний мэдэх Дорноговийн зохиолчид биднийг тун хөл хөөртэй, найрсаг угтаж авдаг. Тэр ч заншлаараа зохиолчдын Хурмаст тэнгэр төвийн яруу найрагч нөхөд тосон аваад аяны ядаргаа гаргаж хоол цай боллоо.

Сайншандын сууринд хавар эрт дулаан орно. Дөрөвдүгээр сарын эхэн өдрүүд ч гэлээ 20-иос дээш хэмийн дулаантай байдаг. Бидний очсон үдшээр тэнгэр цэлмэг, тогтуун дулаахан байв. Их хотоос алсад  орших чимээ аниргүй энэ суурины хүмүүс маш зочломтгой юм билээ. Буудалласан айлын эзэн аймгийн Музей, сургалт судалгааны төвийн харуул Р.Батбаатар. Гэргий Ч.Дулам харин аяга тавиулахгүй шахам хоол, цайгаар дайлдаг ажилсаг, найрсаг нэгэн байлаа. Тэдний яруу найрагт элэгтэй, ирсэн зочиндоо хүндтэй байгаа нь хүндэтгэл төрүүлнэ. Чухам хэзээ нэг өдөр буцаад ирэхэд хүүгээ санасан ээж шиг л хүлээн авах биз ээ.

Ингээд унтаж амраад,  өглөө нарнаар эртлэн хамрын хийдийг зорилоо. Энергийн их төв, Хамрын хийдийг XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар байгуулжээ.

Хамрын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамрын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн гэж үздэг. 

Бид Шамбалын хаалгаар орж, “Үлэмжийн чанар” дуулаад энергийн төвд хэсэг суух тухай ярьсаар машинаас буувал, жижигхэн бор өвгөн угтан авлаа. Өглөө тогтуун байсан тэнгэр ганцхан цагийн дотор бүүдийж салхи тавьж эхэлсэн байлаа. Биднийг угтсан хүн бол МУСТА, Аялал, жуулчлалын тэргүүний ажилтан Ш.Баатар. Намхан, нас нь нэлээд дээш гарсан болов уу. Говийн ширүүн салхинд насаараа элэгдэж дээ гэмээр үрчлээ сууж, харлажээ. Үрчлээтсэн жижигхэн нүдээ онийлгон инээсээр биднийг тосоод цааш оров.

Тогтуун зөөлөн хоолойгоор ярих авч тойрон зогсох хүн бүрд хүрэхээр ойлгомжтой байх аж. Энэ ажлаа хорь гаран жил хийж газар, газрын улсуудад эх нутгаа танилцуулж яваа. Мөн тэрбээр Монголын Зохиолчдын “ХУРМАСТ ТЭНГЭР” төвийн гишүүн, “Утга зохиолын төлөө” шагналт яруу найрагч. Дэлхийн яруу найргийн өдөр буюу энэ жилийн гуравдугаар сарын 21-нд “Шамбалын гэгээ” яруу найргийн номоо хэвлүүлжээ. Эх нутгийнхаа дагшин газрын үүдийг сахин, түүхийг сурталчилж эгэл жирийнээр аж төрж буй түүнийг нутгийн зон олон ч ихэд хүндэтгэдэг нь илт ээ.

 

Өмнө нь Хамрын хийдэд 13 жил гэсгүй лам байсан гэнэ. “Сүүлд хөтөч хийгээд өгөөч” санал ирэх болсноос хойш хорин зургаан жил хөтөч хийж буй. Газар орныхоо тухай тайлбарлахдаа ч шүлэглэн, уянгалуулан ярих түүний заавар, тайлбарт жуулчид ихээхэн дуртай гэнэ. “Хавар урь орохтой зэрэгцээд л намрын адаг сар хүртэл хүний хөл тасрахгүй. Тэр бүгдэд төвөгшөөлгүй нэг бүрчлэн тайлбарлах гэж хэрдээ л хичээж явна” хэмээн ярина.

Түүний номын шүлгүүд ч нутгийнхаа түүх шиг ариун мөртүүдээс бүтжээ. Бидэнд өөрийн яруу найргийн түүврээ дусгаад “Дараагийн хүмүүстээ тайлбарлахгүй бол горьгүй нь , ах нь явъя даа” гэсээр цааш одов. Шалавхан хөдөлгөөнтэй өвгөн ах ч ажилдаа дуртай гэдгээ нуусангүй. “Тухлан суугаад ярьсан бол бишгүй дээ л сонин хачин ярихаар байна. Хаврын тэнгэрийн ааш намдахаар харин давхиад ирнэ биз ээ” хэмээн биднийг үдсэн юм.

ШАМБАЛД ӨРГӨХ ДУУ

Хоосон чанарыг ертөнцөд бүүвэйлсэн

Хүслийн жолоог замбуулинд аялуулсан

Хүмүүн заяаны төрөл дээдэлсэн

Хувьсахуй ухааны хоосон чанар

Шамбалын дагшин өлгий

Шүтээний минь нэгэн зул

Үйлийн үрийг оюунд мэдрүүлсэн

Үнэн худлын заагийг хорвоод ялгасан

Үлэмжийн чанарыг сансарт тарнидсан

Үлгэрийн далай газрын диваажин

Шамбалын дагшин өлгий

Шүтээний минь нэгэн од

Урьдах ерөөлөөр учран золгох

Ураг төрлийн холын холбоо

Ухаан задалж сэтгэл тэжээх

Уужуу бодлын эрчис хүчин

Шамбалын дагшин өлгий

Шүтээний минь нэгэн гэгээ


А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу