АНУ-ын Худалдааны яам ОХУ-ын гурав, БНХАУ-ын зургаа, Арабын Нэгдсэн Эмират улсын хоёр компанийн экспортод хязгаарлалтын хориг тавьжээ. Эдгээр компаниудын жагсаалтыг тус яамны вэб сайтад нийтэлсэн байна. Ингэх болсон шалтгаан нь ОХУ-ын Украины эсрэг дайнд, Ираны дэмжлэгтэй Йемений хуситуудын Улаан тэнгис дэх хөлөг онгоц руу дайрахад ашигладаг “Шахед” дроны эд ангиудыг нийлүүлэхэд эдгээр компаниуд оролцсон явдал бөгөөд “Ийм үйл ажиллагаа нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхолд харшилж байна” гэж Худалдааны яамны тогтоолд онцолжээ.
Уг шалтгаанаар Оросын онгоцны сэнс үйлдвэрлэдэг “Aerosila”, нисэх онгоцны засвар, үйлчилгээ эрхэлдэг “Delta-Aero”, Ростекийн бүтцийн нэг хэсэг болох хийн турбин, хяналтын системийг үйлдвэрлэдэг “UEC-Star” компаниудыг хар жагсаалтанд оруулжээ. АНУ-ын Худалдааны яамны мэдээлснээр, мөн хязгаарлалтад хамрагдсан Хятадын “Shenzhen Jiasibo” “Technology” компаниуд дроны эд ангиудыг орост худалдсан  байна. АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар “Хятадын цэргийн шинэчлэлийн хөтөлбөрүүдэд хиймэл оюун ухааны чип нийлүүлэхэд оролцдог” Хятадын хэд хэдэн компанид мөн хориг арга хэмжээ авсан байна. Үүний хариуд Бээжин Хятадын компаниудын эрх ашгийг хамгаалахын тулд “шаардлагатай арга хэмжээ” авахаа амласан гэж “Global Times” Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нингийн хэлснээс иш татан мэдээлсэн юм.
АНУ-ын Худалдааны яамны тогтоолд тэмдэглэснээр, Арабын нэгдсэн Эмират улсын хоёр компани Тегеранд тавьсан Америкийн хориг арга хэмжээг тойрч худалдаа хийсэн учир Иран руу бараа бүтээгдэхүүн экспортлоход нь хязгаарлалт тавьсан байна. Мөн Их Британи АНУ-ын араас Оросын хөнгөн цагаан, зэс, никель импортод хориг тавьжээ. Энэ сарын 12-ны баасан гарагт нийтлэгдсэн АНУ-ын Сангийн яам болон Их Британийн Засгийн газрын вэб сайтад нийтлэгдсэн мэдэгдлийн дагуу Оросын эдгээр металлын арилжааг Чикаго, Лондонгийн бирж дээр хоригложээ.
Орос улс дэлхийн никелийн 6 хувь, хөнгөн цагааны 5 хувь, зэсийн 4 хувийг үйлдвэрлэдэг. Их Британийн Засгийн газрын тооцоолсноор, Орос Украинд довтолсноос хойш Оросын металлын экспортоос олсон орлого 25 тэрбум ам.доллараас 15 тэрбум ам.доллар болтлоо буурсан бөгөөд уг авсан арга хэмжээ нь энэ хэмжээг улам бууруулах зорилготой юм.
Г.АМАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу