УИХ-ын сонгууль хаяанд ирж, хөл толгойгүй тархи угаалтууд ар араасаа эрчээ авч, эрх баригч МАН-ынхан тойрог бүрд тоймоо алдтал нэр дэвшигчдээр гулгиж байна. Нөгөө талд нь найман жил гудамжинд лааз өшиглөсөн Ардчилсан намынхан тойрогт дэвших хүмүүсийнхээ тоог бүрдүүлэхийн тулд “махаа зулгааж” байгаа юм.
Хоёр парламент дамжин хэмжээгүй эрх мэдлээ тогтоосон МАН-ынхан сонгуулийн өмнө Ардчилсан намынхнаас жийрхэж эхлэв бололтой. Учир нь 21 аймгаас Сүхбаатар, Хөвсгөл, Булган, Увс, Говь-Алтай, Өмнөговь аймагт л Ардчилсан нам засаглаж байгаа. Өмнөговь, Булган, Увс аймгуудын удирдлагууд АТГ-т шалгуулж байсан бол өнгөрөгч долоо хоногт Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр нарыг АТГ-аас саатуулаад байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Сүхбаатар аймагт рейтинг өндөр байгаа. Өмнө нь найман жил Засаг даргаар ажиллаж, өнгөрөгч сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. АТГ-ын мэдээллээс харахад УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр нартай хууль бус газрын асуудлаар холбогдсон гэх мэдээлэл өгсөн юм.
Нутгийн иргэдийн зүгээс үүнийг сонгууль угтсан улс төрийн зохион байгуулалттай баривчилгаа болсон талаар ярьж байна. Ямартай ч Ардчилсан нам засагласан нэг аймгийн удирдлагуудыг саатуулсан нь жирийн нэг явдал биш хэмээн ярьцгааж байгаа аж. Харин энэ талаар сөрөг хүчний зүгээс ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа юм.
Р.ЖАРГАЛ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу