Монгол Улсын парламентын түүхэнд хамгийн олон гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх эгзэгтэй цаг үед ирээд байна. Нүүрсний гэх хэрэгт холбогдолгүй болохыг шалгуулна, ээжийгээ эмчлүүлнэ хэмээн өөрийн хүсэлтээр Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс өнөөдөр чөлөөлөгдсөн. Тиймээс Г.Занданшатарын тэргүүлсэн парламент 75 гишүүнтэй болоод байгаа юм. Спикерийн зовлон энэ хүрээд дуусахгүй. Өнөөдөр үдээс хойш прокуророос УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа оруулчихлаа. Яг энэ мөчид УИХ-ын дарга прокурорын цаасыг гартаа бариад дэндүү уртаар санаа алдаж суугаа биз. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудлаар нэг биш, хоёр биш, гурав ч биш… нэлээд хэдэн гишүүний асуудал удахгүй орж ирнэ. Энэ бүхнийг товчлоод хэлэхэд Улсын ерөнхий прокурор УИХ-ын дарга Г.Занданшатарыг “шаг”-лаад авч байна гэсэн үг. Түүний нүүдэл олны анхаарлын төвд байх нь гарцаагүй. 

Түүнд бодох бодлого, гарах гарц хайх зайлшгүй шаардлага тулгарч байна. Гурван гишүүнээ хамгаалаад нэг нүүдлээр хамгаалаад үлдвэл нийгэмд муухай харагдчих зовлон байна. Тэднийгээ тавиад туучихаар насны гомдол, хамгийн том хар толботой парламент болчих гээд ёстой л тархи гашилгасан өдрүүдийн эхлэлийг тэр харж байна гэхэд болно. Үнэндээ Т.Аюурсайхан зүгээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдчихөөд яваад өгчих хэмжээний номхон хүн биш. Түүнд ааш байна. Авир байна. Мөнгө ч байна. Бусдын хулгайг ч мэдэж байгаа. Тэр ганцаараа унах хүлцэнгүй нэгэн биш. Тиймээс шавартаа хамтдаа унана гэсэн яриа гарсан талаар улс төрийн хүрээнд шивэр авир гэх болсон. Гэхдээ Т.Аюурсайхан өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо өөрийгөө буруугүй, хуулийн хонгилоор чирүүлж байна гэх утга бүхий зүйл ярина лээ. Т.Аюурсайхан парламентад 2 удаа сонгогдсон, УИХ-ын дэд дарга хийчихсэн, ХНХ-ын сайдын албыг хашиж байсан. Цагтаа Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нартай л хамт улс төрийн тавцанд шатар нүүж явсан хүн. Тэр утгаараа зүгээр нэг шатрын хөлгийг орхиод явчих нэгэн биш. Тийм ч болохоор сайдаас чөлөөлөгдсөн ч гишүүний бүрэн эрхээ хадгалж үлдэх замыг сонгож, спикерт бичсэн өргөдлөө урж хаяад урагшаа хараад алхаж байгаа юм.

Н.Наранбаатар гишүүний хувьд “Өмгөөлж хамгаалах хүнгүй болохоор номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг нэр оруулж ирлээ” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тийм ч байж болох, үгүй ч байж болох. Монголын нүүрсний магнат гэгдэх “Ажнай” Д.Бат-Эрдэнийн ойрын хүн. Өмнөговь дахь Ардчилсан намаас МАН-д томилуулсан бүрэн эрхэт төлөөлөгч маягийн хүн гэдгийг нутгийнхан нь ярьдаг. Тэр ч утгаараа орон нутгийн Таван толгой ХК-ийн асуудлаас болж нүүрсний хэрэгт унасан байх магадлал өндөр гэгдэж байгаа юм. Ямартай ч хувь заяагаа дэнслүүлэхээр ийнхүү авралын од ширтэн Г.Занданшатарын гарыг харж байгаа. Гартаа байгаа хүүг прокурорын аманд тавиад өгөх эсэх нь түүний чиглэлээс шалтгаална. МАН-аас сонгогдсон, тойрогтоо нэр хүнд сайтай ч тойрохыг нь зурах хүн бусад гишүүд болон прокурор учир яах ч аргагүй буланд шахагдаад байна. 

Ааштай, мөнгөтэй, аархуу, саагуу хүн бол яах аргагүй “Ажнай” буюу Д.Бат-Эрдэнэ. Бүхэл бүтэн Монголын баялгийн үүц болсон Өмнөговь аймгийн МАН, АН-гүй баздаг ганц хүн гэгддэг. Гарцаагүй прокурорын дүгнэлттэйгээр ийнхүү орж ирчихээд байна. Нөгөө хоёр нь эрх баригч намын гишүүд. Энэ парламентад сөрөг хүчнээс бүрэн эрхээсээ түдгэлзэхээр орж ирсэн анхны гишүүн болчихов. МАН бүү хэл АН-аа ч тоолгүй 10 гаруй жил улс төрд яваа түүний хувьд намын эвлэрлийн хурал, бүлгийн хуралдаа алгасалгүй суух болсон. Аварч мэдэх хүмүүс нь тэд бий тул яах аргагүй Төрийн ордноос салахаа больсон. Их мөнгө байгаад ч иймэрхүү нөхцөл байдалд хүрэх амаргүй л санагдаж байгаа биз. 

Прокуророос Г.Занданшатарыг гурван гишүүнээр нь “шаг”-лаж, гурван гишүүн нь УИХ-ын даргыг бүрэн эрхээс түдгэлзүүлэхгүй байхыг “шалж” байна, шаналгаж ч байна. Түүний баруун мөрөн дээр Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан гараад суучихсан, зүүн мөрөн дээр нь гурван гишүүн нь чихцэлдэн зогсчихоод аврал эрж байна. Юм гэдэг нэг эргэхээрээ ийм л аюултай. Гуравхан жилийн өмнө тангараг өргөж нэг танхимд хөөрөг зөрүүлж байсан хүмүүсээс өнөөдөр нэг нь явлаа. Ирэх 7 хоногт гурван гишүүнээ хэрхэх талаар энэ амралтын өдрүүдээр бодож, нүүдлээ тунгаахаас эхлээд тунчиг завгүй байх нь дээ, Г.Занданшатар дарга.

Гурван гишүүний асуудлыг МАН-ын бүлэг дээр ярихгүй л болов уу. Намын дарга Л.Оюун-Эрдэнэ өмнө нь хангалттай хэлээд, сануулчихсан. Тиймээс гишүүд нь өөрсдийн итгэл үнэмшлээрээ явах ёстой гэдэг чигт хүрэх байх. Харин УИХ дахь Ардчилсан намынхан нэлээд бужигнаж булан бүрт хэвлэлийн хурал хийж, ганцхан Д.Бат-Эрдэнээ өмөөрөөд байж болохгүй бөөрөнхий зүйлс ярьсаар дуусах биз. Халдашгүй байдлын дэд хороо гэж ёстой өөх ч биш, булчирхай ч биш, өндөг ч биш, чулуу ч биш шийдвэр шахуу юм гаргана. Өмнө нь яг тэгж ирсэн байдаг. Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудал шийдэгдэнэ. Энэ гурвыгаа аваад үлдчихвэл хаврын улс төрийн жагсаалуудын эхлэл тавигдаж мэднэ. 

Энэ гурван гишүүнээс дараа дараагийн бүрэн эрх нь түдгэлзэх гишүүдийн хувь заяа шууд зурагдах зам байх болно. Нэг гаргасан жимээр шулуухан явж таарна. Энэ гурвыгаа аваад үлдчихвэл дараагийн гишүүдийн айдас арай багасна. Аавын үрсийг алагчилж үзэлгүй явуулах эхлэл байх уу, аваад л, авраад л үлдээд байх үргэлжлийг эхлүүлэх үү гэдэг сонголтын өмнө парламент ирчихлээ. Бужигнасан улс төр, аврал ирсэн утасны дуудлага, мессэж, уулзалтууд дүүрэн долоо хоног хүлээж байна. Г.Занданшатарын нүүдэл юу байх бол. Яг одоо тэр завгүй байна…

Э.ЭНХБОЛД

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу