Нам гүмхэн явсан улс төрийг нүүрсний хулгайн хэрэг жавар тачигнасан өвлөөр өрдөөд өгчихсөн. АТГ нүүрсний хулгайн хэрэгт сэжиглэгдсэн 17 хүний нэрийг зарласан нь гал дээр тос болж, УИХ-ын гишүүд нь нус нулимстайгаа холилдохоос наагуур юм болж АТГ-ын үүдэнд мэдээлэл хийж байлаа. Ямартай ч нийгэм нүүрсний хулгайд УИХ-ын гишүүд холбоотой гэдэг бат итгэлтэй болцгоосон. Тэдний гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Тийм ч учраас АТГ-т шалгагдаж байсан хүмүүс эхнээсээ яллагдагч гэх статустай болж өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байдаг.

Нийгмийн галыг өрдөж, хаврын улс төрийг эхлүүлье гэвэл дээрх гурван гишүүнээ Их хурал хамгаалж үлдэнэ. Нийгэмд шударга ёсыг тогтоохоор зүтгэж байгаагаа харуулах хүсэл байгаа бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн хуулийн байгууллагад нь найдан явуулах хоёр дахь зам байна. Нийгмээрээ биш ч нэг хэсэг хүмүүсийг дайснаа болгоод авна.

Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын нэр орж ирснээс хойш гишүүд эрс хөдөлгөөнд оржээ. Тийм ч учраас хэсэг бүлгээрээ уулзаж гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх дээр санал нэгдэж эхэлсэн байна. Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудал шийдэгдэхээс өмнө гишүүдийг хайрцаглах процесс эхэлсэн байгаа юм.

Гурван гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлчихвэл 20 орчим хоногийн дараа дараагийн гишүүдийн нэрсийг прокуророос оруулж ирэх товтой байгаа тул элс шиг гоожоод бүгд явчихаж болохгүй гэдэг яриа ч өрнөсөн байна. Авч үлдэх хувилбар амаргүй, явуулах нь бүр ч амаргүй байх учраас амь нэг байх нь хаа хаанаа зөв гэж ярьж эхэлжээ. Өнөөдрөөс үлдсэн гишүүдтэйгээ уулзалт зохион байгуулж, үүнийгээ хэлж ойлгуулах ажлаа хувааж авсан гэх.

Хэрэв ингээд гурав, дөрвөөрөө бүрэн эрхээ түдгэлзүүлээд байх юм бол парламент чадамжгүй болж, дараагийн сонгуулийг товлох асуудал сөхөгдөнө. Тиймээс яаж ч байсан гурван гишүүнээ авч үлдэж, парламентын дархлаагаа хамгаалах ёстой ёстой гэдэг дээр байр суурь нэгдээд байгаа гэнэ.

Заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүл гэж шахах юм бол УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг авч үлдэж, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг явуулж болох юм гэдэг хувилбар яригдсан байна. Тэртээ тэргүй Б.Ганхуяг Т.Аюурсайханы дэмжлэгтэй томилогдсон. Б.Ганхуяг гурван сар гаруй хоригдсон учраас Аюур уснаас хуурай гарахгүй. Д.Бат-Эрдэнийг нүүрсний магнат гэдгийг улс даяараа мэдэх тул энэ хоёрыг явуулж, Н.Наранбаатарыгаа авч үлдье. Дараагийн гишүүд орж ирсэн ч гэсэн бүх гишүүдээ явуулалгүй иймэрхүү байдлаар үлдээх боломжтой гэдгийг харуулья гэж ярьсан гэх. Нөгөө талд нь Д.Бат-Эрдэнэ зарим гишүүдтэй уулзан өөрийгөө бүрэн эрхээс түдгэлзүүлэхгүй байх талаар ярьсан гэх бор шувуу нисэв. Тэр бүү хэл кнопыг нь үнэлэх асуудал хөндөгдсөн гэдэг яриа хөврөв. Үүнээс үзэхэд тэдний хэн нь ч зүгээр нэг бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй гэдэг нь харагдаж байгаа юм.

Парламентад Засаг дарга нарын фракц гэж бий. Өмнөговиос Н.Наранбаатар, Төв аймгаас Ж.Батжаргал, Орхон аймгаас Д.Батлут, Өвөрхангайгаас Г.Ганболд, Хэнтий аймгаас Ц.Идэрбат, Багануур дүүргээс Ц.Сандаг-Очир, Дорноговь аймгаас Т.Энхтүвшин нар гишүүн болсон. Засаг дарга нарын фракцийнхан Н.Наранбаатарыгаа авч үлдэх тал дээр бүгдээрээ анхаарал хандуулж ажиллана гэжээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу