Порно од Сторми Даниэлст 130 мянган ам.доллар төлсөн гэх хэрэгт холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг шүүх хурал Нью-Йорк хотноо эхэллээ.

Ингэснээр Трамп түүхэнд эрүүгийн хариуцлагад татагдсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болов. Сар гаруй хойшилсон шүүх хурал тангарагтны шүүгчдийг сонгосноор эхэлжээ. Эхний хэдэн минутын дотор нэр дэвшигчдийн тал орчим хувь нь (96-аас 50 нь) “Энэ шүүх хуралд би  шударга байж чадахгүй” гэж хэлээд хасагдсан байна. Үлдсэн тангарагтны шүүгчдээс мэдээ, ном унших дадал зуршил зэрэг олон асуулт асууж нийт 12 хүнийг тангарагтны шүүгчээр сонгожээ.

Долоон цаг орчим үргэлжилсэн шүүхийн урьдчилсан сонсголын дараа Трамп шүүгч Хуан Мерчаныг дахин шүүмжилж, сэтгүүлчдэд “Бидний хооронд асуудал байна” гэж мэдэгдэв.

Учир нь уг шүүх хуралдааны өмнө Трампын өмгөөлөгчдийн хоёр хүсэлтээс Мерчан татгалзсан  юм. Мөн Трампын өмгөөлөгчид “Охин нь Ардчилсан намынханд улс төрийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанид ажилладаг учир ашиг сонирхлын зөрчил үүсэж байна” хэмээн  Мерчаныг уг хэргийг шүүхээс татгалзахыг уриалсан байна.

Шүүхийн байрны гадна олон арван сэтгүүлчээс гадна Трампыг эсэргүүцэгчид, дэмжигчид цуглажээ. Экс ерөнхийлөгчийг дэмжихээр цугларсан зарим хүмүүс өнгөрсөн зун Жоржиа мужийн шоронд Трампын авахуулсан зураг бүхий хувцас өмссөн байв. Харин экс Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид “Хэн ч хуулиас дээгүүрт байх ёсгүй” гэсэн бичигтэй уриа барин жагсаж байна.

Сануулахад, Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өмгөөлөгчөөрөө дамжуулан насанд хүрэгчдийн киноны жүжигчин Сторми Даниэлст 130 мянган ам.доллар өгсөн, санхүүгийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн зэрэг 34 зүйл ангиар буруутгаж байгаа юм. 

Г.АМАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу