Хятадын  үл хөдлөх хөрөнгийн топ компаниудын нэг болох “China Vanke”-ийн хоёр менежер сураггүй алга болж, Засгийн газраас нь тус компанийн удирдлагуудад зорчих хязгаарлалт тавьсан гэх мэдээлэл гарсан. Эл мэдээллийг “China Vanke” үгүйсгэж, албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “Манай компанийн хөрвөх чадвар богино хугацааны дарамтанд байна. Гэвч бид үйл ажиллагаагаа тогтворжуулах, өр бууруулах цогц төлөвлөгөө боловсруулсан. Үүгээр дарамтыг зохистой шийдвэрлэх боломжтой” гэжээ.

Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногт Хятадын “S&P Global Ratings” компанийн зэрэглэл доод түвшинд хүрч буурсны дараа “China Vanke”-ийн хувьцаа болон бондын үнэ унаад байгаа юм. Үүний дараа хоёр менежер нь АНУ руу зугтаж, буцаж ирээгүй учир “Vanke”-ийн топ менежерүүдийг эх орноосоо гарахыг хориглосон тухай цуу яриа цахим орчинд тархаж эхэлсэн. Тиймээс тус компани эл цуу яриаг үгүйсгэж, менежерүүдийн нэг нь гэр бүлийн шалтгаанаар ажлаасаа гарч, АНУ руу явсан гэж хөрөнгө оруулагчдад мэдэгджээ.

Өөр нэг нь Хонконгод үргэлжлүүлэн суралцахаар төлөвлөж байгаа тул ажлаасаа гарсан гэж тайлбарлан “Группийн удирдлагуудын гадаад томилолт хэвийн үргэлжилж байна” хэмээн мэдэгдсэн байна.

“China Vanke” компани 40 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд борлуулалтаараа БНХАУ-ын хоёр дахь том үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч болоод байсан юм. Гэвч орон сууцны эрэлт буурч, үнэ унаснаар бэрхшээл үүсээд байна.

Г.АМАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу