“Хүүхдийн эмч гэдэг бол гэр бүлийн хамгийн нандин хүний эрүүл мэндийг хариуцсан хүн учраас өөртөө маш өндөр хариуцлага тавьдаг” хэмээн ярих бүсгүйг Т.Тэгшжаргал гэдэг. Тэрбээр Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн эмч юм.

“Хүүхдэд үнэхээр хайртай болохоор мэргэжлээсээ огт шантарч байгаагүй. Харин ч өхөөрдөм хүүхдүүдийн гэгээн ертөнцөд байгаагаа аз завшаан гэж боддог” хэмээн Т.Тэгшжаргал ярина. Тус төвд хүүхэдтэйгээ хэвтэн эмчлүүлж буй эцэг, эхчүүд түүнийг ажлаа чин сэтгэлээсээ хийдэг хэмээн ам сайтай байдаг. Иймд бид түүнийг зорин очиж, ярилцлаа.

-Эмч болох хүсэл хэзээнээс төрж байв. Яагаад хүүхдийн эмч болохоор шийдсэн бэ?

-Хүүхэд байхын эмч болох мөрөөдөлтэй байж билээ. Үснийхээ даруулгыг чихэндээ зүүж, утас уяад, үзүүрт нь тоглоомоо холбочхоод гэр бүлийнхнийгээ суулгаж байгаад “алив эмч нь чагная даа” гээд л тоглодог байв.

Дунд ангид ороод сонирхлынхоо дагуу биологи, химийн хичээлийг сонгон судалж, ЭЕШ өгсөн. Ийнхүү АШУҮИС-д элсэн орж, ерөнхий эмчээр төгссөн юм. Их сургуулиа төгсөөд, сумын Эрүүл мэндийн төвөөс ажлын гараагаа эхэлсэн.

Сумын Эрүүл мэндийн төвд хоёр жил ажиллах хугацаандаа өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хүүхдээ бүгдийг нь үздэг байсан. Мөн дуудлагадаа ч явдаг байв. Ажиллаж байх хугацаандаа хүүхдэд хайртайгаа илүү ихээр мэдэрч, хүүхдийг үзэхэд өхөөрдөм, хөөрхөн санагдаж, хүүхдийн эмч болохоор шийдсэн. Ийнхүү ЭХЭМҮТ-д хоёр жил хүүхдийн резиндент эмчээр суралцаж, ажилласан юм.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Ажлын цаг маш хурдан өнгөрдөг. Нэг л мэдэхэд өдрийн цайны цаг болж, хүүхдүүдээ үзэж дуусаад, өвчтөний түүх рүүгээ орсон байдаг.

Тасагт ажиллаж байгаа учраас өглөө ирээд хамгийн түрүүнд хүнд хүүхдээ эргэж, биеийн байдал нь тогтвортой хоносон байвал санаа амардаг. Дараа нь гарах хүүхдийнхээ өвчний түүхийг бичиж, эцэг эх, асран хамгаалагчид нь зөвлөгөө өгнө. Ингээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдээ үздэг.

Мөн л хүүхдүүдээ нэг нэгээр нь үзэж, асран хамгаалагч нарт шинжилгээ болон хийх эмчилгээгээ танилцуулж, утлага хийх заавар, зөвлөгөө өгч дуусахад өдрийн цайны цаг болсон байдаг. Цайны цагийн дараа өвчний түүхээ бичнэ.

Дахиж давтан шинжилгээ авах хүүхдүүдээ эргэж үзэхэд ажлын цаг дууссан байдаг.

Долоо хоногт 1-2 удаа эмнэлэг дээрээ жижүүрлэж хонодог. Энэ үедээ хүнд хүүхдүүдээ хоёр цаг тутамд үзэж, бусад шинж тэмдэгтэй хүүхдүүдээ ойр ойрхон эргэж, үзлэг хийдэг.

-Та ажлаа ямар арга барилаар хийдэг вэ?

-Ажлаа стрессгүй, өөрт амархан байдлаар бөгөөд хүүхдийг бүрэн эдгээгээд гаргах юмсан гэж сэтгэлээсээ хийдэг. Хүүхэд өөрөө маш гэгээлэг ертөнц. Хүүхдийг үзэхэд хайр хүрмээр, гар нь хүртэл маш жижигхэн, өхөөрдөм байдаг.

Зүрхний цохилтыг нь чагнах аз завшаан хүүхдийн эмчид л байдаг.

Тэр бяцхан нэг, хоёрхон сартай, настай хүүхдийн зүрхний цохилтыг нь сонсох тэр мэдрэмж хамгийн гоё. Тийм учраас ажилдаа маш их дуртай.

-Эмч хүнд байх ёстой эрхэм чанарыг юу гэж хэлэх вэ?

-Хүүхдийн эмч гэдэг бол нэгэн гэр бүлийн хамгийн нандин хүний эрүүл мэндийг хариуцсан хүн нь. Тиймээс үүнийг ухамсарлаж, өөртөө маш өндөр хариуцлага тавьдаг байх ёстой гэж бодож байна.

Хүчилтөрөгч нь уначихсан, спазм  ихтэй, амьсгаадсан хүүхдүүдийг жижүүр эмчдээ үлдээгээд явахдаа “тэр маань яаж байгаа бол, ээж нь хросолоо өгч чадаж байгаа болов уу, туршлага муутай анхан төрөгч байсан даа” гэж санаа зовох явдал багагүй. Иймд жижүүр эмчтэйгээ байнгын холбоотой байж, хүүхдүүдийнхээ биеийн байдлыг асуудаг.

Өглөө ажилдаа ирээд шууд л хүнд хүүхдүүд дээрээ очдог. Хоёр, гурван хоногийн дараа хүүхдүүд маань мишээгээд, хоол ундаа сайн идэж байгааг нь харах сайхан шүү.

-Хүүхэд таны өөдөөс гаргаж байсан өхөөрдөм үйлдлээс нь хуваалцахгүй юу?

-Нэг удаа эмнэлгээс гарах хүүхдээ үзээд, хоолойг нь харья гэхэд амнаас нь улаан ягаан өнгийн зүйл унаад ирдэг юм. Тэр үед би айж сандраад, ээж нь ч юу уначхав аа эмч ээ гээд л, би дотроо “хэл нь уначихдаг юм байх даа” гэж бодоод их айсан шүү.

Тэгсэн усан үзэм амандаа хүлхэж байсан байна лээ (инээв). Энэ үед хүүхдийн ээж, бид хоёр инээдээ барьж дийлээгүй.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

-Багш нарынхаа зөвлөгөөг эрхэмлэж явдаг. Сургуулиа төгсөөд, дипломоо гардаж авч байх үед багш маань “Чамд багш нь дүн тавихгүй ээ. Ард түмэн дүн тавина” гэж хэлж байв. Үнэхээр л үйлчлүүлэгч хүүхдүүдийн маань аав, ээж дүн тавих байх даа.

-Ар гэр орхигдох тохиолдол гардаг байх?

-Мэдээж долоо хоногт 1-2 удаа жижүүрлэж хоноход хүүхдүүдээ орхигддог. Гэхдээ аав, ээж хүүхдүүдийг маань харж ханддаг учраас  сэтгэл амар ажлаа хийж чаддаг.

Хүү маань одоо 11 настай. Сумын эмч байх үед нэг явдал тохиолдож байсан юм. Нэг шөнө хүүхэдтэйгээ хоёулхнаа унтаж байхад дуудлага ирээд, хүүгээ үлдээгээд явчхав. Буцаад ирэхэд хүү маань сэрчихсэн байсан. Хүүгээсээ “сэрээд уйлсан уу” гээд асуухад “Уйлаад дуусаж байна за юу” гэж билээ. Ер нь л бол хүүхдээ ганцааранг нь олон удаа орхиж явсан даа.

-Залуу мэргэжилтнүүдэд хандаж зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

-Хүүхдийн эмч хийх тийм ч хэцүү биш. Хүүхэдтэй ажиллаж байгаа нь амаргүй юм шиг санагдах боловч, ажилдаа дурлаад хийвэл сайхан ажил. Хүүхдийн эдгэрч байгаа нь нүдэн дээр илт, сэргээд л ирдэг. Хүүхдэд архаг хууч өвчин байдаггүй, ихэнх нь цочмог байдлаар илэрдэг.

МОНГОЛ ХҮҮХДЭД ГАНЦХАН Д ВИТАМИН УУЛГАХЫГ ЗӨВЛӨДӨГ

-Хаврын улиралд ямар вирусийнн гаралтай ханиад зонхилж байна вэ?

-Хүүхдүүдийн вируслогийн шинжилгээнээс харахад адиновирус, риновирус, энтеровирус эргэлтэд орсон байна. Шинж тэмдгийн хувьд маш өндөр халуурах, нүд нуухтах, бөөлжиж гүйлгэж байна. Эмнэлэгт хэвтэх тоо буурахгүй байна. Улирал солигдож, цас хайлж, шавхай болоход вирус идэвхжиж, суулгалт, бөөлжих шинж тэмдэгтэй хүүхдүүд ихэсдэг.

-Энэ үед ямар эмчилгээ хийж байна вэ?

-Халууныг нь бууруулж, шингэн хросол, гэдэсний эм өгөх гэх мэт шинж тэмдгийн эмчилгээ хийж байна. Долоо хоногт 70 хүүхэд хэвтэн эмчлүүлж, эмнэлгээс гарч байгаагийн 2-3 нь дахин хэвтэж байна.

Ээжүүд “Хүүхдийнхээ дархлааг яаж дэмжих вэ” гэж их асуудаг. Хүүхдийн дархлааг нойр, хоол, хөдөлгөөнөөр дэмжихэд л болно. Гэтэл “Үүнээс амархан аргаар яаж дэмжих вэ, витамин хэрэглүүлье” гээд байдаг.

Хүүхдийн дархлаа нь 5 нас хүртлээ өөрийнхөө эмгэг жамаар, ясныхаа чөмгөнөөс үүсээд, цус руу ялгараад явдаг. Энэ дархлааг л бүрэн бүтэн байлгая гэвэл хүүхдийг 22 цагт унтуул. Энэ цагт өнчин тархинаас өсөлтийн даавар ялгарч байдаг юм.

Тэгэхээр хүүхдээ эрт унтуулж, нүүрс, өөх тос, уургаар баялаг хоолоор 2-3 цагийн зайтай хооллож, шингэн бүлээн зүйлийг уулгаж байх, хөдөлгөөнтэй байлгах орчныг бүрдүүлж өгөх тэл дээр нь анхаарах ёстой.

Монгол хүүхдэд ганцхан Д витамин уулгахыг зөвлөдөг. Нэмэлт витамин уух эсэх нь ээж, аавын сонголт болчхоод байна. Бүх хүүхдийн эсэргүүцэх чадвар, дархлаа тогтолцооны орчин өөр учраас нэг л тактикаар хүүхдээ эмчилдэггүй.

-Хүүхэд бүрт нэг өвчин өөр өөр шинж тэмдгээр илэрдэг гэлээ. Гэтэл эцэг, эхчүүд энэ эмийг уусан чинь манай хүүхдийн ханиад эдгэчихсэн энийг уулгачих гэх мэтээр зөвлөдөг нь элбэг?

-Цахим орчинд “Нэг жил, нэг сард төрсөн ээжүүд” гэсэн групп байдаг юм байна лээ. Групп дотор “Тэр эмчид үзүүлээд, тийм эм уусан гайгүй болчихсон” гэх мэтээр бичсэн харагддаг. Тэгж хэлэнгүүт л эцэг, эхчүүд дур мэдэн хүүхдэдээ тэр эмийг аваад уулгачихдаг. Гэтэл эмчид үзүүлээд, эмчийн бичиж өгсөн эмийг хоёрхон хоног уулгаад, энэ чинь үр дүнгүй юм байна гэдэг. Нэг эмийг 3-4 хоног ууж байж үр дүн өгдөг. Тэгэхээр антибиотикийг дор хаяж гурван хоног уулгаж байж өрөвсөл нь дарагдана шүү дээ.

Хүүхэд нь халуураад байхаар яах учраа олохгүй янз янзын эмнэлэгт үзүүлээд яваад байдаг. Өрхдөө үзүүлчхээд өрхийн эмч ийм л хоёр эм бичиж өглөө, хувийн эмнэлэгт үзүүлье гэдэг. Гэтэл очсон эмнэлэг бүр эхнээс нь үзэж, эхнээс нь эмчлэхийг бодно шүү дээ, тус эмнэлэгт анх очиж байгаа хүүхэд учраас. Үзэж буй эмнэлэг нь дараагийн шатлалын эмнэлэг рүү яваарай гэсэн тохиолдолд л эмнэлгээ солих хэрэгтэй.

-Шинэ эмнэлэгт, тоног төхөөрөмж нь бүрэн ажиллагаатай газар ажиллах нь давуу тал болдог байх?

-Тийм шүү. Манай эмнэлэг долоон тасагтай. Төрөлжсөн есөн нарийн мэргэжлээр 30 гаруй хүүхдийн эмч ажиллаж байна. Хүүхдийн эрчимт эмчилгээтэй, нарийн мэргэжлийн эмч нартай, оношилгоо шинжилгээ хийх тоног төхөөрөмж бүрэн хангагдсан лавлагаа шатлалын эмнэлэгт ажиллаж байгаадаа баяртай байдаг. Мөн хүүхдийн эмнэлгийн түүхийг бүтээлцэхэд хувь нэмрээ оруулж буй маань гоё санагддаг.

Хүүхдийн төлөө хийж буй үйлдэл бүхэн маш энэрэнгүй үйлс юм. Монголын үнэт эрдэнэ, ирээдүй болсон хүүхдийн төлөө ажиллахдаа сэтгэл хангалуун байдаг.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын хүүхдийн төлөө гэсэн ариун их үйлсэд тань амжилт хүсье.

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

Л.ХОНГОРЗУЛ

6 САНАЛ

  1. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй гэрэл цацруулсан гоё эмч дандаа инээж явдаг хөөрхөн бас сайн эмч амжилт хүсье эмчдээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу