“Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисс нь Авлигатай тэмцэх газартай ашиг сонирхол нэгтэй юу?” сэдвээр “Бүрэн цутгамал” ХХК-иас өнөөдөр (2024.04.17) олон нийтэд мэдээлэл өглөө.
Тодруулбал, 2017 онд Голомт констракшн, Сант сургуулийн өргөтгөлийн барилга байгууламж хооронд хийсэн гэрээ хуурамч байх үндэслэлтэй болон тухайн сургуулийн өргөтгөлийн барилгад хийгдсэн цахилгааны ажил чанарын шаардлага хангаагүй байхад ашиглалтад авсан гэдгийг Улсын ерөнхий прокурор тогтоожээ. Гэтэл удаа дараалан хэрэг бүртгэлийг хаах саналыг явуулсаар байгаа аж. Дан ганц Сант сургуулийн өргөтгөлийн барилга биш, ерөнхий төлөвлөгөөний газар нь 2013 онд 575, 2014 онд 915, 2015 онд 882, 2016 онд 664, 2017 онд 770 барилгыг хүлээж авсан байгаа юм. Эдгээр барилгуудыг бүгдийг хууль бус бүрэлдэхүүнээр хүлээж авсан гэсэн баримт ч бий аж. 
“Бүрэн цутгамал” ХХК-ийн төлөөлөл иргэн Б.Батдэлгэр: “Авлигатай тэмцэх газар уг хэрэгт хуулийн дагуу ажиллаж чадаагүй, Барилга байгууламж хүлээн авах улсын комисстой ашиг сонирхол нэгтэй байна гэж үзэж байна” гэлээ.
Үүний нэг жишээ нь,  АТГ-ын ажилчдын орон сууцны барилга 2022 онд ашиглалтад оржээ. Тэр үед ажилчдын барилгыг өндөр үнээр бариулаагүй, барилгын бизнес хийгээгүй гэдэг тайлбарыг хийж байж. Гэвч тус орон сууц нь хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж байхгүй, жилийн дараа байгуулна гэж байсан боловч өнөөдрийг хүртэл барьж байгуулсан зүйлгүй байгаа аж. 
 Мөн “Бүрэн цутгамал” ХХК-ийн  Улсын комисстой холбоотой гаргасан гомдлыг шалгадаггүй, долоон жилийн хугацаанд 14 удаа хэрэг бүртгэлийг буцаах, хаах санал гаргасан. “Энэ нь ашиг сонирхол нэгтэй гэдгийг илтгэж байна” гэсэн юм.
Уг хэрэгт Авлигатай тэмцэх газар өөрийн шинжээч томилсон байдаг. Шинжээчийн дүгнэлтэд Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг хүлээн авсан комисс нь хууль журамд нийцэхгүй, мэргэжлийн бус байна гэдгийг тогтоожээ.  Харамсалтай нь хэрэг бүртгэлийг хаах санал гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг огт дурдаагүй байдаг. “Яагаад дурдаагүй байна вэ гэхээр, дурдаад ил болговол Улсын комиссын булхай илчлэгдэх гээд байгаа юм” хэмээн “Бүрэн цутгамал” ХХК-иас мэдэгдлээ.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу