Засгийн газрын өнөөдрийн (2024.04.17) хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Нийслэлийн есөн дүүргээс Багануур, Налайх, Багахангай гурав алслагдсан. Эдгээр дүүргүүдэд захирагчийн сонгууль явуулж дагуул хот болгох эхлэлийг тавьж байсан. Харамсалтай нь, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлэх Үндсэн хуулийн эрх зүйн орчин тухайн үед бүрдээгүй байсан. Тиймээс захирагч гэдэг албан тушаалыг нэлээд улс төржилт өндөртэйгөөр сонгож, эргээд 2016 оны сонгуулийн дараа татан буулгаж байсан юм. Аливаа хотод нутаг дэвсгэр, татвар төвлөрүүлэх эрх, хөгжлийн бодлого төлөвлөлтөө тодорхойлох эрх, өмчөө захиран зарцуулах эрх зэрэг байх ёстой. Гэтэл энэ чиг үүргүүдийг тосгон гэдэг байгууллагад шилжүүлэх боломжгүй гэж үзэж, 2019 онд Үндсэн хуульд оруулсан.

Үндсэн хуулийн энэ нэмэлт өөрчлөлтийг амилуулах үүднээс өнөөдөр Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Б.Дэлгэрсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа.  Ажлын хэсэгт миний бие болон П.Сайнзориг дарга багтсан.

Бид Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийн суурь өөрчлөлтийг хийх хуулийн төслийг боловсруулна. Энэ хүрээнд Налайх, Багахангай, Багануур дүүргүүдийг цаашид Улаанбаатар хотын дагуул хот байдлаар хөгжүүлэх эрх зүйн орчныг бий болгоно. 

Мөн Төв аймгийн нутаг дэвсгэрт дагуул хот байгуулах эрх зүйн үндсийг бий болгоно. Тиймээс Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна. Нийслэлээс олсон орлогынхоо 20 хувийг Шинэ Зуунмод хотод төвлөрүүлж, үлдсэн 80 хувийг нь Улаанбаатарт зарцуулна. Шинэ Зуунмод хот 150 мянга орчим хүнтэй байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу