Зуд турхантай хатуу өвлийг арайхийж давсан малчдын сэтгэл тэнийж, ноолуураа самнаж эхлээд байна. Гэрээсээ ч гарч чадахааргүй зузаан цастай хүнд цагт тэд хотоо харлуулахгүйн тулд өр зээл тавин байж өвс тэжээл авсан. Гэсэн ч мал олноор хорогдож, улсын хэмжээнд малын хорогдлын тоо 6,6 саяд хүрлээ. Энэ бүхний эцэст малчид хэдэн малынхаа буянг хүртэж, ноолуураа тушаан, өрөө дарах нь хэмээн баярлацгаав. Гэтэл ноолуурын үнэ өсөөгүй, өмнөх жилүүдийнхтэй адил байна.

Тухайлбал, 1 кг ноолуур зүүн аймгуудад 170,000-185,000 төгрөг, баруун аймгуудад 160,000-170,000 төгрөг, төв аймгуудад 155,000-160,000 төгрөгийн үнэтэй байна. Харин говийн аймгуудад 140,000-145,000 төгрөгөөр авч байгаа ажээ.

 “1 КГ НООЛУУР 145 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АВЧ БАЙНА, ЭНЭ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭ БАЙХ”

Ноолуурын үнийн талаар Дорноговь аймгийн Сайхандулаан сумын малчин Б.Өлзийтогтохтой холбогдож, тодрууллаа. Б.Өлзийтогтохынх зуднаар ихэнх малаа алдсан тул саяхан нэмж ямаа худалдаж авчээ.

Тэрбээр “Манайх 300 орчим малтай байсан юм. 60 орчим адуутай. Өнгөрсөн өвөл ихэнх малаа алдаж, 60 ямаа, 20 гаруй адуутай л үлдсэн. Саяхан нэмж, ямаа худалдаж аваад, 140 толгой хүргээд байна. 

Манай нутгаар ноолуур 140 гаруй мянган төгрөгийн үнэтэй байна. 150 мянган арай л хүрэхгүй. Хүмүүс 180 мянгаар зарж байна гээд байгаа. Тэр бол худлаа. Хамгийн дээд тал нь 145 мянгаар авч байна. Гэхдээ ченжүүд говийн ноолуур шороотой гэх зэргээр үг хаяад үнээ буулгах гэж үзэцгээдэг. Ер нь үүнээс илүү үнэ нэмэгдэхгүй байх. Энэ үнээр өгье дөө гэж ярьцгаагаад сууж байна. 

Ноолуураа тушаагаад ч энэ өвөл тавьсан өр, зээлээсээ салж чадахгүйн бололтой. Гол нь ногоо гарахгүй, цагийн байдал одоо ч хэцүү хэвээр байна. Саяхан хоёр ч удаа дараалан хүчтэй шороон шуурга болчихлоо” хэмээн ярьсан юм. 

СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД НООЛУУРЫН ҮНЭ ӨСӨХГҮЙ БАЙГАА НЬ 2021 ОНД ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАНТАЙ ХОЛБООТОЙ ЮУ

2018 онд 1 кг нь ноолуур 105 орчим мянган төгрөгийн үнэтэй байжээ. Үүнээс хойш өссөөр 2021 онд 125,000-150,000 төгрөгт хүрсэн байгаа юм. Гэтэл үүнээс хойш үнэ хадгалагдсаар өдийг хүрчээ. Үүний шалтгааныг олон зүйлтэй холбон тайлбарлаж болно. Үүнээс 2021 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг онцолъё.

Ноос ноолуур, арьс шир гэх мэт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дамжуулан борлуулсан тохиолдолд НӨАТ-ын 10 хувийн татвар төлөхөөр 2021 онд хуульд тусгажээ. 

Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4-т “Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан, үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, өндөг, арьс шир, хонь, тэмээний ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, мах боловсруулах үйлдвэрлэлд зориулан бэлтгэх таван хошуу мал, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг уг хувиар хасна” хэмээн заасан. Харин 2021 оны тавдугаар сард уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ 14.2-т “Энэ хуулийн 14.1.4-т заасан анхдагч түүхий эдийг импортоор оруулсан буюу худалдан авч дамжуулан борлуулсан бол төлбөл зохих албан татвараас хасалт хийхгүй” гэсэн байгаа юм. 

Бодит байдал дээр малчид ноолуураа өөрсдийн биеэр үйлдвэрлэгчдэд хүргэн тушаах боломж хомс. Тиймээс ченжүүдээр дамжуулж таарна. Харин ченжийн гараар дамжихад улсад 10 хувийн татвар төлөх учир үнэ нэмэгддэггүй байж болох юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу