Өвлийн халтиргаа гулгаа багасаж, дулааны улирал эхэлснээс үүдэн зам тээврийн зөрчил, ослын тоо ч эрс нэмэгддэг. Халтиргаатай зам дээр явж ядан бээцгэнэж өвөлжин түгжирсэн жолооч нар одоо харин салхи татуулан давхих шинжтэй.  Судалгаанаас харахад зам тээврийн ослын шалтгааны 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байдаг. Гэтэл өнөөдөр нийслэлд хөлтэй, гартай бүхэн л жолооч болсон. Машингүй хүн бараг л байхгүй.
 Улсын хэмжээд 400 жолооны курс үйл ажиллагаа явуулж байна. Үүний 154 нь нийт 71 салбартайгаар Улаанбаатарт байдаг. Сар бүр, өдөр бүр шинээр төгсөж буй жолооч нар машиныг зөвхөн нааш цааш зугаалах, тээвэрлэх зориулалтаар л ашиглаж байгаа. Угтаа хүний амь настай холбоотой маш өндөр хариуцлага үүрч байна гэдгээ ухамсарлах нь ховор. Жолооч бүр гар утсаа ухаастай, хүнтэй яриастай, тэгээд л нэг их ууртайгаар дайрчих шахам гишгэж өгдөг. Жолоо барьж байхдаа утсанд зориулсан маш логик торгууль: та хэр их мөнгө төлөх ёстой вэ? Жолоо барьж байхдаа утсаар ярьвал ямар жолооч торгууль ногдуулах вэ? Гар утас ашигласан тохиолдолд торгууль ногдуулдаг.
Өчигдөр гэхэд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр автомашин мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-16 насны зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг хүнийг мөргөсөн осол бүртгэгдсэн. Ослын улмаас харамсалтайгаар 16 настай охин газар дээрээ амиа алдсан байдаг.
Жолооч анхан шатны мэдүүлэгтээ “хааз, тоормос оо андуурсан” гэх мэдүүлгийг өгчээ. Сандарсандаа андуурч гишгэнэ гэдэг нь тухайн үед анхаарал маш сул байсны шинж. ХҮН МАШИНЫГ ЖОЛООДОЖ БАЙГАА БОЛОХООС, МАШИНД ЖОЛООДУУЛЖ ЯВАА ЮМ БИШ ШҮҮ ДЭЭ. Гэтэл одоо машиных нь жолоо өөрөө нэг тийшээ эргээд мөргөчихсөн, хааз нь өөрөө гишгэгдээд мөргөлдчихсөн ухаантай юм ярих болж. Хянах, удирдах, эрсдэл гарвал зогсоох гэж жолоочийн суудалд суугаа биш гэж үү.
Зам тээврийн ослын улмаас 2020 онд 430 хүн, 2021 онд 383 хүн амиа алдсан бол 2022 оны эхний есөн сард 426 хүн амиа алджээ. Харамсалтай үйл явдал өдөр бүр шахам тохиолдож байхад жолооч нар хариуцлагагүй, чадваргүй хэвээр давхилдсаар л байх уу. Нэг цэгээс нөгөө цэг хүртэл яаж ийгээд л яваад сурчихсаныгаа жолооч болсон мэт бодож шууд л машин авчихдаг болсон хэрэг үү.
Монгол Улс одоогоор 1,2 сая гаруй жолоочтой. Эдгээрээс жилдээ 200 мянган жолооч зам тээврийн осол, хэрэгт холбогддог байна. Хамгийн харамсалтай нь жил бүр 500 гаруй иргэний амь нас, тэр дундаа 30 орчим хүүхэд зам тээврийн ослоор амиа алддаг.
Учир шалтгаан нь ерөөс л хариуцлага. “Уучлаарай, шинэ жолооч” гэсэн цаас ардаа наасан бишгүй л машинтай таардаг. Тэд яаж ийгээд л яваад сурчихсанаас бус бусдын аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө ухамсар хариуцлагын өндөр түвшинд очоогүй л байна. Яагаад ур чадвар, анхаарал болгоомжид суралцах ёстойг өдөр бүр гарч буй аймшигт ослууд хэлсээр л байна. 
No photo description available.
Өчигдөр гарсан осол, өмнө амиа алдсан иргэд ээ хэдхэн хоногийн дараа мартаж, дараагийн мэдээг ч бас иймэрхүү л хүлээж авна. Гуравхан сая гаруй монголчуудын 100,000 хүн тутмын 21 нь зам тээврийн ослоор амь насаа алддаг гэх судалгаа гарчээ. Энэ бол дэлхийн дундаж үзүүлэлтээс хэтэрсэн зүйл бөгөөд “гамшгийн хэмжээнд хүрсэн” гэсэн үг.
Та жолооч болсон бол анхаарал болгоомжоо хэзээ ч бүү сулруулаарай. Хариуцлагатай, соёлтой байгаарай. Хажуудах найздаа ч зөвлөөрэй. Хүлээх шийтгэл нь бага, яаж ийгээд л шийдэгдчихдэг болохоор гаарсан мэт байж болох ч угтаа хувь хүний л ухамсар, хариуцлагатай зуун хувь холбоотой асуудал юм. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу