Монголын Ардчилсан залуучуудын холбооноос УИХ дахь МАН-ын бүлэгт Эрүүгийн хуулийн 13.14 буюу “Худал мэдээлэл тараах” гэсэн зүйл заалтыг хүчингүй болгох тухай шаардлага хүргүүллээ.
УИХ дахь МАН-ын бүлэгт шаардлага хүргүүлэх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн 16.16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхтэй гэж тунхагласан. Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхээ эдэлж олон нийтийн сүлжээд буюу сошиалд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн олон арван залуусыг Эрүүгийн хуулийн 13.14 буюу “Худал мэдээлэл тараах” гэсэн зүйл заалтаар халхавчлан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсаар байна.
Ялангуяа эрх баригч МАН-ын сайд дарга нарыг шүүмжилсэн, авлига албан тушаалын хэргийг нь илчилж шүгэл үлээсэн иргэдийг, ажлаа хийсэн сэтгүүлчийг улстөрд нөлөө бүхий этгээдүүдийн гомдлоор шалгаж, гэрчийн мэдүүлэг ч авалгүй шууд яллагдагчаар татаж байна. Энэ нь Үндсэн хуулийн 16.16 “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхтэй гэж заасныг шууд зөрчиж байна.
Монголын ардчилсан залуучуудын холбооны залуучууд Эрүүгийн хуулийн 13.14 гэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст 2024-04-12 өдөр гомдол мэдээлэл гаргасан. Монголын Ардчилсан залуучуудын холбоо Эрүүгийн хуулийн 13.14 гэх заалтыг төрийн эрхийг барьж байгаа МАН, сайд дарга нарт дэндүү ашигтай, харин жирийн иргэдэд халтай, Үндсэн хуулийн зөрчилтэй, Хүний эрхийг ноцтой зөрчсөн, шоронжуулсан заалт гэж үзэж байна. Монголын залуучуудын сошиалд бичсэн сэтгэгдэл шоронд орох үндэслэл болж болохгүй. Ардчилсан Монгол Улсад залуус нь үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө, сэтгүүлчид нь ажлаа хийсний төлөө эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагддаг, ялтан болдог байж хэрхэвч болохгүй.
Монгол Улсын хувьд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалсан эрх зүйн тогтолцоо Иргэний хуульд байдаг бөгөөд Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээхээр зохицуулсан, мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг нэмэхэд хүчингүй болсон Зөрчлийн тухай хуулийн гүтгэх зөрчилөөр зохицуулж байсан нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16, 17-т заасан иргэний үндсэн эрхүүдийг зөрчилгүй зохицуулж байсан байна.
Гэтэл Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулсан 13.14 зүйл нь үзэл бодлоо илэрхийлсэн иргэн болон сэтгүүлч, нийгмийн нүд чих болсон хэвлэл мэдээллийн байгууллага, тэдгээрийн ажилчдын үндсэн эрхүүдийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлж үндсэн эрхүүдийг зөрчсөн байна. 2015 оны тавдугаар сард НҮБ-ын “Хүний эрхийн зөвлөл, Монгол Улсын хуний эрхийн төлөв байдлыг хэлэлцээд, нийт 164 зөвлөмж өгснөөс 8 нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой байжээ.
Үүнд “Эрүүгийн хуулийн нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг халах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн иргэний журмаар шийдвэрлэх” гэсэн зөвлөмж ирүүлсэн байдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн 13.14-ийг хүчингүй болгохыг эрх баригч МАН, УИХ дахь МАН-ын бүлгээс шаардаж байна.
Монголын Ардчилсан залуучуудын холбоо

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу