УИХ-ын чуулганы өнөөдрийн (2024.04.18) хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлд оруулсан заалтыг шүүмжлэн дараах байр суурийг илэрхийллээ.
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: “Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслөөс тэс хөндлөн заалтыг ажлын хэсэг оруулж ирсэн байна. Өөрөөр хэлбэл энэ хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдаагүй, хуулийн төслийн үйлчлэх хүрээнээс хальж хэтэрсэн, хамрах харилцаанаас хальсан ийм заал оруулжээ. Хуулийг гууль болгох гэж байна.
АЗЗА-г Эрдэнэс Монгол компани авч яах гээд байгаа юм, тэр чинь зам засдаг компани болохоос орлого олдоггүй. Төмөр зам, авто замын төрийн өмчит компаниудын орлогыг төвлөрүүлнэ, удирдлага зохион байгуулалтыг нь Эрдэнэс Монгол хариуцна гэнэ. Гашуунсухайтын замыг Эрдэнэс Монгол эзэмшдэг.
Гэтэл Гашуунсухайт авто замаар Эрдэнэс монгол ХХК жилдээ 350 тэрбум төгрөгийн орлого олдог хэр нь зам аа засдаггүй. Түүгээр нь зорчиж байгаа жолооч нар байнга эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог. Зам аа засч чадахгүй байж төмөр замыг, АЗЗА-уудыг авч яах гээд байгаа юм, чадах юм уу.
Монгол тээвэрчид арван хоногт нэг удаа маш бага тарифаар тээвэр хийж байгаа. Гэтэл хятад тээвэрчид өдөр бүр өндөр тарифаар тээвэр хийж байна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж байна.  Ийм чухал хуульд хариуцлагатай хандмаар байна.
Байгалийн баялгийн өгөөжийг цөөхөн хүн хүртдэг биш, Монгол Улсын гурван сая иргэн бүгд хүртэх эрх боломжийг бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нээж өгсөн. Ингээд “Үндэсний баялгийн сан байгуулна, иргэн болгондоо байгалийн баялгаа тэгш, шударга хүртээнэ” гэж оруулсан. Үүний дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хууль орж ирж байгаа.
Бид хурдан хугацаанд Үндэсний баялгийн санг байгуулмаар байна. Энэ сангаасаа стратегийн том ордуудаасаа байгалийн баялгийг Монгол Улсын иргэн бүрт тэгш хүртээх юм. Дан ган Эрдэнэс Тавантолгой биш, бусад олон стратегийн ордоос иргэд ашиг хүртмээр байна. Гэтэл энэ хуулийн зарим заалт тэс хөндлөн болсон байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу