УИХ-ын өнөөдрийн (2024.04.18) чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Эрдэнэс-Тавантолгой компанийн ногдол ашигтай холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, Хөдөө орон нутагт маш олон уулзалтыг зохион байгууллаа. Иргэд 1072 хувьцаатай холбоотой асуудлыг маш их хөндсөн. Миний бие өнгөрсөн хугацаанд  Эрдэнэс-Тавантолгой ХХК-ийн хувьцаанаас хасагдсан, суутгагдсан хувьцааг иргэн хүсвэл буцаан 1072 хувьцааг 933 төгрөгөөр тооцон эргүүлэн худалдан авах арга хэмжээг 2022 оныг дуустал хэрэгжүүлнэ гэдэг санал гаргасан байдаг. Гэвч харамсалтай нь Байнгын хороо санал хурааж өгөөгүй.

Өнөөдөр хувьцаагаа сая төгрөгөөр өгчихсөн 322.767 ахмад байна. Эдгээр нь ямар ч мэдээлэлгүй байсан. Мөн ЭМД-ийн төлбөр гээд иргэн огт сонирхоогүй байж байтал Засгийн газрын тогтоол гараад хувьцааг нь авчихсан, оюутнууд ч мөн адил мөнгө л юм хойно тухайн үедээ солиод авчихсан байдаг.  Гэх мэт иргэд учраа ч олоогүй байж байгаад хувьцаагаа суутгуулчихсан тохиолдол их олон байдаг юм байна.

Зарим ахмадууд “Сая төгрөг авсан нь үнэн. Гэхдээ одоо сая төгрөгөө төлөөд 1072 хувьцаагаа буцаан авмаар байна. Өнгөрсөн жилүүдийн хувьцаа яах вэ, ирээдүйгээ бодоод буцаан авмаар байна” гэсэн саналыг хэлж байна.

2022-2023 оны ногдол ашгийг сая тараасан. Гэтэл 2020-2021 оны ашиг яагаад тараагдахгүй байна вэ. Барилга, бүтээн байгуулалтын чиглэлээр олон зүйл хийх байсныг иргэдэд тараагаад өгчихлөө гэж ярьж байгааг би буруутгаж байна. Иргэдийн л өмч юм чинь өөрсдөд нь өгөх хэрэгтэй. 

Засгийн газар болон компаниуд нь өөрсдөө тэр бүтээн байгуулалтын ажлуудаа ажлуудаа санхүүжүүлэх боломжтой шүү дээ. Эрдэнэс-Тавантолгой компани нэмж барих үйлдвэр зэргийг заавал иргэдийн хувьцаагаар барих гээд байх шаардлагагүй” гэлээ.

Мөн тэрбээр 21 аймгийн иргэдийн төлөөллийг Эрдэнэс-Тавантолгой компанид ажиллуулж, үйл ажиллагаанд оролцуулан тус компанийг ашигтай ажиллуулах шаардлага үүсэн гэдгийг онцолсон юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу