Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд гурван өдөр болж өндөрлөлөө. Эмийн чанар, стандарт, үнэ, хөнгөлттэй эмийн жагсаалтаас эхлээд ноцтой маш олон асуудлууд энэ үеэр ил болсон.

 

Ковидын үеийн шууд худалдан авалт мөн хөндөгдөв. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга асан Б.Цэцэгсайхан “2021 оны дөрвөдүгээр сарын 2-ны өдөр Эрүүл мэндийн сайдын эрх шилжүүлэх тушаалаар ковидын үеийн эм, оношлуур худалдан авах үүрэг өгөгдсөн. Тиймээс оношлуурыг яаралтай худалдан авах ажлыг зохион байгуулахаар болж 1.5 тэрбум төгрөгийн тендер зарласан. Гэтэл “Тендерийг цуцла. БНХАУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан 200 мянган оношлуурыг яаралтай ав гэдэг үүрэг даалгавар өгсөн. Тухайн үед бид тав хоногийн дотор онгоцоор тээвэрлэн авч ирсэн. Дөнгөж агуулахдаа буулгасны маргааш нь дахин 1.5 тэрбумаар дахин нэмж оношлуур авах үүрэг өгсөн. Тухайн үед Үнэлгээ хороогоо ажиллуулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар мэдрэг чанар 99.9-өөс дээш байх ёстой шаардлага байсан. Тиймээс бид шаардлага хангахгүй байгаа энэ оношлуурыг худалдан авч чадахгүй гэдэг дүгнэлтээ Эрүүл мэндийн сайд С.Энхболдод танилцуулж байсан. Дөрөвдүгээр сарын 12-нд манай зарласан тендерийг цуцалсан. Тухайн үед Лабораторийн салбар зөвлөл тухайн оношлуур дээр мэдрэг чанар нь 20 хувьтай юм байна. Улаан бүсийн өвчтөнүүдийн 10 хүн тутмын хоёрыг нь илрүүлж, наймыг нь илрүүлж чадахгүй байна. Тиймээс цаашид энэ оношлуурыг авах боломжгүй юм байна гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийг үндэслээд бид уг оношлуурыг худалдан авах боломжгүй хэмээн Үнэлгээний хороо үзээд Энхболд сайдад дүгнэлтээ хүргүүлсэн. Үүнээс шалтгаалсан маш их хэмжээний дарамт, шахалтууд ирж байсан. Шаардлага хангаагүй худалдан авалтуудыг хийж эмнэлгүүдэд тараачихсан байсан. Үүнийг яах юм бэ гэхээр хэн ч хариулт өгч чадахгүй байсан” хэмээн мэдэгдсэн юм.
Тухайн үеийн Эрүүл мэндийн сайд одоогийн дэд сайд С.Энхболд үүнийг “гүтгэлэг” хэмээн тайлбарласан байдаг. Тэгвэл Б.Цэцэгсайхан өөрийн цахим хуудаснаа “Би шүгэл үлээсэн, хэн нэгнийг гүтгээгүй, бодит баримттай, олон асуудлын нэгийг л ярьсан, заналхийлэлд өртсөн.
Яам мөнгөө урьдчилаад долларын данснаасаа хятад компаний данс руу 3 сарын 25-нд шилжүүлчихээд, дараа нь 4 сарын 14-нд төгрөгийн данснаасаа долларын данс руугаа нөхөж шилжүүлсэн байсан нь үнэн.
Дарамтлаагүй гэнэ, бүтэн сар намайг яаман дээр дуудаж, янз бүрээр нийлж хангалттай доромжилж, дарамталсан. Тэр үед энэ зовлонг хамт амсаж байсан бүх ажилтнууд маань ажлаа хийж л байгаа, захын хүнээс асуухад хэлээд өгнө. Тэгсэн ч энэ оношлуурыг нь дахиж авахгүй байр суурин дээр хатуу зогссон.
Энэ бүхний үр дүнд оношлуурын нөөц тасалдуулсан гээд сануулах арга хэмжээ авахуулж байсан. Хууль бус юм хий гэснийг нь биелүүлээгүйн төлөө сахилгын арга хэмжээ авах чинь тэгээд дарамт биш юм уу” хэмээн бичсэн байна.
Үүнээс үзэхэд дэлхий нийтийн хамарсан цар тахлын хүнд үед эрүүл мэндийн салбар бүхэлдээ улаан гэрэл дунд маналзаж байхад Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шаардлага хангахгүй оношлуурыг “шахаж”, “Тушаалаа өөрчилчихнө” хэмээн пээдэлзэж суусан байгаа юм. Ингэж болохгүй гэдгийг нь хэлсэнийхээ төлөө С.Энхболд сайдын А/278 тоот тушаалаар “Эм, эмийн хэрэгслийн нөөц ПГУ/ РС-ийн шинжилгээний урвалж, бодис, 
оношлуурын нөөц бэлэн байдал дээр хариуцлагагуй ажилласан тул Засгийн 
газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын
 газрын дарга Б.Цэцэгсайханд сануулах арга хэмжээ авсугай” хэмээн тогтоол гардан авсан байгаа юм. Хууль зөрчихгүй гэсэн газрын даргадаа хууль зөрчөөнгүйн улмаас хариуцлага тооцдог сайд лав С.Энхболд болж байна. Тухайн үед ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэгт “Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрх нь шилжин ирж байгаа, шууд гэрээ байгуулах, худалдан авалттай холбоотой удаа дараагийн асуудлууд дээр холбогдох тушаал шийдвэр, албан бичиг зэрэг нь зохих хууль тогтоомж, төрийн албан хэрэг хөтлөлтийн заавар журмын дагуу албан ёсоор ирэхгүй байгаа нь үндэслэл бүхий шийдвэр гаргаж ажиллахад ихээхэн бэрхшээл учруулж байна” үүнд анхаарч өгнө үү хэмээн албан тоот хүртэл илгээсэн байгаа юм.
Хил, гааль хаалттай иргэд нь гэртээ хоногийн хоолтой хэрхэн үлдэх вэ гэж тэмцэж байхад салбар хариуцсан сайд нь тэрбум тэрбумаар иргэдийн өвчлөлийг ч оношилж чадахгүй оношлуур хэмээх “хог” нийлүүлсэн талаар Б.Цэцэгсайханы хэлсэн энэ үг Авлигатай тэмцэх газар, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн ажлаа хийх чигийг нь заагаад өгчихлөө гэсэн үг. Зуданд нохой зоолдог бол ковидоор сайд нь зоолсон юм биш биз гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
Р.ЖАРГАЛ

2 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу